Нийгэм

Эмийн багц авахын тулд бусдын хариуг авчрах тохиолдол гарчээ

Нийтэлсэн

Улсын хэмжээнд хоногт илрэх коронавируст халдварын тохиолдол 3000 давдаг боллоо.

Коронавирусний “Омикрон” хувилбарын давлагаа идэвхжиж, сар шинийн өдрүүдээр оргил үедээ хүрнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хэлэхдээ, нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт Омикрон хувилбарын тархалт нийт шинжилгээний 90 хувьд хүрсэн хэмээн мэдэгдсэн. Омикрон хувилбар хаа сайгүй тархсан энэ үед Нийслэл дэх өрхийн эмнэлгүүд ачаалалтай байна. Иймээс бид өрхийн эмнэлгүүд болон түргэвчилсэн шинжилгээний цэгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.

ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТ ОРГИЛДОО ХҮРСЭН ҮЕД ДҮҮРГҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА

Омикрон хувилбарын алинаар нь өвчилснөө мэдэж чадахгүй байгаа энэ үед томуугийн шинж тэмдэг илэрсэн бол коронавирусний Омикрон хувилбарын халдварт өртсөн байж болзошгүй хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдэгдсэн. Нус гоожих, хамар битүүрэх, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэж цэртэй ханиалгах нь томуугийн шинж тэмдэг гэж үздэг аж. Мөн шинж тэмдэг нь тодорхой тохиолдолд заавал эмнэлэгт хандах гэсний хэрэггүй, гэрээр тохирсон эмчилгээ хийлгэхэд болно хэмээн зөвлөсөн.

Гэсэн ч иргэд томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эмнэлэгтээ хандан шинжилгээ өгөхөөр өрхийн эмнэлгүүдийн үүдэнд олон цагаар зогсох болжээ. Омикроны дэгдэлтийн энэ үед дүүргүүдэд байрлах шинжилгээний цэг, өдөрт тогтоосон сорьцын хэмжээ бага байгаа талаар иргэд манай редакцид хандсан юм.

Чингэлтэй дүүргийн нэг цэг нь 09.00-12.00 цагийн хооронд 30 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авах тоо хэмжээ зааж өгчээ. Баянзүрх дүүрэг 100, Баянгол дүүрэг 50 иргэнээс шинжилгээ авч байгаа аж. Дүүргүүдийн нэг цэгийн түргэвчилсэн шинжилгээ авах тоо харилцан адилгүй байгаа нь хүмийн амын тооноос хамаарч байгаа юм байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хэлснээр хариуцлага алдвал өдөрт 60 мянган иргэн халдвар авах тооцоолол гарсан гэдгийг хэлж байсан. Хэрэв муугаар бодож энэ нөхцөлд хүрэхэд түргэвчилсэн оношлуураар иргэд онош тогтоож чадахгүй хэмжээнд хүрэх нь.

Хүн амын тоогоор бусад дүүргүүдээс харьцангуй бага гэгддэг ч Чингэлтэй дүүрэгт өдөрт 30 хүнээс шинжилгээ авч байгаа нь хангалтгүй байна гэдгийг эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд хэлж байлаа. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хашаанд байрлах Ковид-19 шинжилгээний цэгт очиход хүний бөөгнөрөл байсангүй. Учир нь 09.00 цагаас эхлэн үнэгүй авах 30 ширхэг сорьцод түрүүлж ирсэн хүмүүс хамрагдсанаар ийнхүү бусад хүмүүс нь уур бухимдалтайгаар гэр гэрийн зүг явцгаажээ.

Гэхдээ дүүргийн эмнэлгийн нэг цэгийн үнэгүй түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж чадаагүй иргэд өөрсдөө эмийн сангаас худалдан авсан оношлуураа авч ирж 14.00 цаг хүртэл түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа гэнэ. Харин 10.00-14.00 цагийн хооронд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болж, eruul.gerege.mn сайтад бүртгэл нь орсон хүмүүсээс нэрсийг нь дуудаж ПСР шинжилгээ үнэгүй авч байгаа юм байна. Эмнэлгийн ажилтнуудын хэлснээр сайн дураараа түргэвчилсэн шинжилгээ өгөхөд заавал томуугийн шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон байх гэсэн шаардлага тавихгүй байгаа аж.

КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАР АВСАН ИРГЭД НЯРАЙ ХҮҮХДҮҮДТЭЙ НЭГ ДОР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА НЬ ХУДАЛ ГЭВ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс гараад Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлэгт очив. Өрхийн эмнэлгийн үүдээр ороход хаалган дээрээ “Үзлэгийн цагаа утсаар залган урьдчилж авна уу’’ гэсэн зарлал хаджээ. Халдварын тархалт ихэссэн тул коронавирусээс бусад оноштой иргэд цаг аваагүй бол өрхдөө үзүүлж чадахааргүй болсон байна. Тус эмнэлэг зоорийн давхартай учир тэндээ коронавирусний эсрэг дархлаа сэргээх вакцины цэг ажиллуулж байсан юм.

“Энхийн санаа’’ өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний хөтөч М.Нарангийн хэлснээр шинэ он гарснаас хойш коронавирусний өвчлөл асар хурдацтайгаар нэмэгдэж байгаа аж.

Шинжилгээнийх нь хариу эерэг гарсан, уушгиа чагнуулж, амбулаторийн үзлэгт хамрагдах иргэдийг ажлын өдөр бүр 18.00 цагаас хойш дуудаж авч ирж үзэж байгаа гэв. Тэгвэл 09.00-12.00 цаг хүртэл иргэдийн өөрсдийн авч ирсэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа гэж байв. Иргэд халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд түргэвчилсэн оношлуураар өөрийгөө шалгаж чадахгүй байгаа тул өрхийн эмч нарын тусламжийг ийнхүү авч эхэлжээ.

Зарим иргэдийн зүгээс цахим орчинд коронавирусний дэгдэлтийн үед халдвар авсан иргэд нярай хүүхдүүдтэй зэрэгцэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа талаар бичих болсон. Харин “Энхийн санаа” өрхийн эмнэлгийнхэн үүнийг эрс үгүйсгэв. Нярайн товлолт вакциныг мягмар болон пүрэв гарагт 13.30-16.30 цагийн хооронд хийж байгаа гэнэ. Энэ тохиолдолд бусад үзлэгийг хийдэггүй юм байна.

Тиймээс коронавирусний халдвартай нь батлагдсан хүмүүс товлолт вакцинаа хийлгэх гэж ирсэн нярайтай цуг нэг дор холилдож байна гэх иргэдийн шүүмжлэл ташаа ойлголт төрүүлж байна гэдгийг хэлж байлаа. Тухай бүрд нь ариутгал, агааржуулалтыг тогтмол хийдэг учир хүүхдээ өвдөх вий хэмээн айх хэрэггүй. Үүнээс гадна яамнаас өгсөн санхүүжилт өвчилсөн хүмүүст эмийн багц авахад хүрэхгүй байгаа. Гэсэн ч бид өдрөөс өдөрт тохиолдол нэмэгдсэн үед халдвар авсан иргэддээ эмийн багцыг нь бүрэн олгож байгаа гэдгийг тэд хэлж байлаа.

Мөн хоёр дахь удаагаа халдвар авсан хүмүүст ч эмийн багцаа өгсөөр байгаа аж. Чоно борооноор гэгчээр үүнийг далимдуулж өөр хүний түргэвчилсэн тестийн эерэг хариу барьж ирээд эмийн багц нэхэх хүмүүс мэр сэр байдаг гэдгийг тэд нуусангүй. Тиймээс энэ асуудлаас гарахын тулд иргэд өөрсдөө түргэвчилсэн оношлуураа авч ирээд өрхийн эмнэлэгтээ шинжилгээ өгч хариугаа хүлээ гэх шаардлага тавих болсон байна.

ОНОШЛУУРЫН ҮНЭ ХЯМД БАЙГАА Ч ЭМНЭЛГҮҮДИЙН ХАНШ БУУСАНГҮЙ

Коронавирусний халдварт өртсөнийг мэдэх хамгийн найдвартай арга нь ПСР шинжилгээ өгөх юм. Өвчтөний хамар залгиурын арчдасаас авсан дээжээс вирусний генийн дарааллыг илрүүлэх үйл явцыг ПСР төхөөрөмжөөр шинжилдгийг монголчууд сүүлийн хоёр жилд андахгүй болсон.

Одоогийн байдлаар нийслэлд ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын үндэсний төв гэсэн хоёр цэгт л өглөө эрт маш цөөн тоогоор ПСР шинжилгээг үнэ төлбөргүй авч байна.

Тиймээс үлдсэн иргэд дүүрэг бүрд байрлах түргэвчилсэн шинжилгээний цэгт очих эсвэл хувийн лабораторид өндөр төлбөртэй ПСР шинжилгээ өгөх гэсэн сонголтын өмнө эрхгүй тулж байгаа дүр зураг байна.

Ажлынхаа дэргэдэх эмийн сангаар орж түргэвчилсэн оношлуурын талаар мэдээлэл авсан юм. Эмийн сангийн хамгийн эрэлттэй зүйл нь түргэвчилсэн оношлуур болсон гэдгийг эмийн санч нуусангүй. Ёстой л ТҮЦ-нээс чихэр “шожигнон” зарагддаг шиг тийм эрэлттэй байгаа гэнэ. Өглөө бүр өрхийн эрүүл мэндийн төв, дүүрэг бүрд байрлах шинжилгээний цэгт оношлуураа барьж очих иргэдийн дараалал ихэссэн тул гүйлгээ их ажээ.

Өнгөрөгч зунаас эхлэн зөвхөн Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн найман төрлийн түргэвчилсэн оношлуурыг эмийн санд худалдаалах болсныг нийтэд зарласан. Гэвч эмийн сан, эм ханган нийлүүлэх бөөний төвүүдээр ороход найман төрлийн оношлуураас ердөө хоёр нь л худалдаанд байв.

Бөөний төвүүдээс ихэвчлэн эмнэлэг, түргэвчилсэн шинжилгээний цэгүүд оношлуур бөөндөж авдаг байна. Коронавирусийг илрүүлэх хоёр төрлийн оношлуурыг жижиглэнгийн үнээр 18.500, 16.500 төгрөгөөр худалдаалж байна. Зарим эмийн сангууд 20-29 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Харин бөөний үнэ нь 12.500 төгрөгийн ханштай ажээ. Эдгээр оношлуур нь халдварыг илрүүлэх мэдрэг чадвар нь 96.5 хувьтай юм байна.

Гэвч хувийн эмнэлэг оношлуурыг бөөний үнээр худалдан авсан ч иргэдээс шинжилгээний төлбөрт 37 мянган төгрөгийг авч байна. Харин өрхийн эрүүл мэндийн төвөөс түргэвчилсэн шинжилгээний төлбөр авахгүй бөгөөд иргэд өөрсдөө эмийн сангаас оношлуураа худалдан авч ирээд үйлчлүүлж болно.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version