Эдийн засаг
Хятадын боомтуудыг хэрхэн “ашиглах” талаар судлах хэрэгтэй гэв
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Далайн захиргаанд ажиллав.
Уулзалтын эхэнд Далайн захиргааны дарга Б.Биндэръяа далайн захиргааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулжээ.
Тэрбээр “Манай улсад 174 хөлөг онгоц бүртгэлтэй. Газрын үйл ажиллагааг сайжруулах чиглэлийн хүрээнд Олон улсын Далайн байгууллагатай хамтран далайн тээврийн бодлогын талаар сургалт авахаар хүсэлт гаргасан. Хэрэв дэмжигдвэл 2022 оны зургаадугаар сард сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн бидний зүгээс боомттой холбоотой судалгаа олон удаа хийдэг. Манай улс БНХАУ-тай долоо, ОХУ-тай таван боомтоор далайн хэлэлцээр хийсэн тул экспорт, импортын бараа солилцох эрхтэй. Бид Тяньжин боомтоос бусдыг нь ашиглах бололцоог судлан, ажиллаж байна. Үүнийг өөрчлөх гаргалгаа нь хуурай замын боомттой болох. Хэрэгжүүлэхийн тулд хуурай боомттой болох эрхзүйн орчин, гаргалгааг холбогдох газар бүр хамтран гаргах нь чухал болоод байгаа юм” гэв.
Сайд Л.Халтар “Монгол Улсын Засгийн газрын байгуулсан хөрш орнууд хоорондын гэрээ хэлэлцээрт тусгагдсан 12 боомт бий. БНХАУ-ын боомтуудыг манай улсын экспорт, импортын ачаанд хэрхэн ашиглах талаар зайлшгүй судлах хэрэгтэй. Бидний ашиглаж буй нь ганц Тяньжин боомт. Цаашид бусад боомтуудыг ашиглах, хамтран ажиллах талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран санал боловсруулж ажиллаарай. Экспорт, импортын компаниуд мэдээллээр дутмаг байдаг нь хамтран ажиллахад бэрхшээлтэй болдог. Тэднийг мэдээллээр хангаж, уялдаа холбоотой ажиллах ёстой. Монголын нүүрс гуравдагч зах зээл рүү гарахад алс дорнодын боомтуудыг хэрхэн ашиглах талаар судлах, Засгийн газрын хуралдаанаар хуурай боомт байгуулах эрх зүйн боломжийг судлан хэлэлцүүлэг хийх бэлтгэлийг хангаж ажиллаарай” гэв.
Мөн тэрээр, урин дулаан цаг ирэхээр иргэд ихэвчлэн гол, нуурын ойролцоо амардаг. Иргэд Далайн захиргаанд бүртгэлгүй жижиг завинд хүчин чадлаасаа давсан том мотор тавьж эсвэл чанарын шаардлага хангахгүй хийлдэг завь ашигласнаас усанд осолдох тохиолдол гардаг. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Хөвсгөл нуурын эрэгт өмнөх жилүүдэд баригдсан усан замын тээврийн хэрэгслийн таван зогсоолын өмчлөгч, эзэмшигчийг тодорхой болгох, ашиглалт хамгаалалт аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгов.