Эдийн засаг

Нүргээнтэй драмын төгсгөл нь тэсэлгээ биш!!!

Нийтэлсэн

Оюу Толгойн гүний уурхайн ажил эхэлж, эхний тэсэлгээнд нь Ерөнхий сайд оролцов. “Тэслээд л яваад байна уу” гээд шооч зарим нь шоолж байгаа ч аливаа томоохон төслийн хувьд байдаг л нэг ёслол. Шог ярианы сэдэв болсон ч энэ бол нүргээнтэй драмыг тэсэлсэн маш том шийдвэр байлаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавьсан өмнө үүссэн 2.4 тэрбум ам.доллар, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр тэглэх саналыг хүлээн авсан юм. Өнгөрсөн жилээс эхлэн захидлаар харилцаж, хоёр ч удаа хэлэлцээрийн ширээний ард суусны дүнд “тэслэх” дээрээ тулсан нь энэ.

Одоогоос яг жилийн өмнө хөрөнгө оруулагчид арбитрын маргаанаар шүүхдэлцэх дээрээ тулж байснаа бодвол тооцоолж боломгүй шинэ эргэлт Оюу Толгойн драм шинэ үзэгдэлтэйгээ нүүр туллаа. Шинэ үзэгдэл дөнгөж эхэлж байхад авторууд хэдийнээ гараад иржээ. Попууд нь “манийх”,   горилогчид нь “минийх”, атаархагчид нь “угаасаа л манайх”, сөргөлдөгчид нь “тэднийх” гээд авторлоод эхэлж. Гэхдээ авторууд тодрох хүртэл хэрхэн үргэлжилснийг товч зураглая.

 

ЭХНИЙ ҮЗЭГДЭЛ: ЗАРЛАГАТАЙ Ч ЗАЛУУРГҮЙ ТӨСӨЛ

 

Оюу Толгойн орд 2010 онд эхэлснээс хойш зөвхөн Монголд л сэдэв болсон юм биш. Бид эндээ улс төрийн оноо авах хэрэгсэл гэж бодож байхтай зэрэгцэн “Оюу Толгой” төсөл дээр хөрөнгө оруулагчдын дунд “хэрүүлийн алим” болсон юм. Дээрээс нь Рио Тинто компани анхнаасаа Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадаагүй. Хөрөнгө оруулагчдын хэд, хэдэн хурал дээр чухам энэ асуудлаас болж бичиг, цаас шидэлцэх дээрээ тулж байлаа. Ойлголцолгүй арай өөрөөр хэлбэл залуургүй байсан төсөл дээр зарлага гэдэг нэг айхтар зүйл гарч ирсэн.

Газар орны нөхцөл, геологийн зураглалаа судлахгүй бол зарлага нэмэгдэх нь байна шүү гэж аль 2017 онд “Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид болгоомжилж байв. Гэвч Рио Тинто ийм зүйлгүй гэж мэдэгдсээр, мэлзсээр байлаа. Тэд зардал 5.3 тэрбум ам.доллароос хэтрэхгүй, 2021 оны эхний улиралд анхны үйлдвэрлэлээ эхлэнэ гэж зарласаар, хэвлэлийн мэдээндээ ч дурдсаар байлаа. Гэвч хөрөнгө оруулагчдын таамаглал үнэний хувьтай байж.

“Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор  нэмэгдсэн. “Рио Тинто” компани 2020 оны арваннэгдүгээр сард мэдэгдэл гаргахдаа үүнээс ч хойшилж магадгүй гэдгийг онцолсон нь “Туркойз Хилл Ресурс” болон хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлсэн юм.

 

УДААХ ҮЗЭГДЭЛ: ШҮҮХ ДЭЭР УУЛЗЪЯ

 

Цар тахал гээд дээр дооргүй бужигнаж байх хооронд Оюутолгойн драм үзэгдлийнхээ оргил үед хүрч ирээд байлаа. Төслийн гүйцэтгэгч Рио Тинто нэг талд Монголын Засгийн газартай Лондонд, нөгөө талд “Туркойз Хилл”-тэй Канадад, бүр нөгөө талд “Пентуотер Капитал”-тай Нью-Йоркд “уулзах” дээрээ тулаад байсан тэр цаг үед Монголын талд буулт хийгээд төслөө цааш үргэлжлүүлнэ гэж хэн ч таамаглаагүй байх. Таамаглал дэвшүүлэх зүрх хэнд ч байгаагүй нь ойлгомжтой. Манайхтай шүүхэд уулзаж байгаа нь татварын маргаан байсан юм. НҮБ-ын тогтоол бусад асуудлыг үндэслэн хоёр үндэслэлээр Лондон хотын арбитын шүүхэд Засгийн газраас сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хууль зүйн дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагч  Х.Нямбаатар хэлэхдээ “Дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч “Rio Tinto Holdings Limited” нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс үүдсэн хохирлыг арилгуулах. Хоёрдугаарт, “Оюу Толгой ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч нь “Оюу Толгой” төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг барагдуулах гэсэн үндэслэлээр арбитрын нэхэмжлэл гаргасан” гэж байсан юм.

Дээрх үндэслэлийг харахаар Арбитрын шүүхийн маргаан наанадаж гурван жилээр, цаашлаад түүнээс ч олон жилээр үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Олон жил энэ асуудал сунжирвал “Оюу Толгой” төсөлд ч, нэхэмжлэл гаргасан Засгийн газарт ч, хөрөнгө оруулагчдад ч ашиггүй байх нь тодорхой.

Дараа нь 2020 оны сүүл, 2021 оны эхээр Канадын арбитрын шүүх дээр  “Рио Тинто”, “Туркойз Хилл” уулзангаа алдсан. Ачааны хүнд мөнгийг нь “Туркойз Хилл” олдог мөртлөө, яагаад хүндийг нь үүрэлцэхгүй элдэв шалтгаан “Рио Тинто” тоочдог билээ гэж үзэн нэг ёсондоо хүчээ тэнцүү хуваарилъя гэдэг үүднээс маргаан гаргасан юм. Гэхдээ хөрөнгө оруулагч талууд харилцан тохиролцох гэж байгаа тухай “Блумберг” болон бусад агентлагууд мэдээлжээ.

Түүнчлэн хөрөнгө оруулагч “Рио Тинто” ч, “Туркойз Хилл Ресурс” ч хоорондоо муудалцан Канадын арбитр дээр очингоо алдсан. Гэвч 2021 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр “Рио Тинто” компанийн гаргасан мэдэгдэлд хоёр компани арбитрын маргаанаа хэрэгсэхгүй болгож байгаагаа зарласан юм.

Уг мэдэгдэлд “…Мөн Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс хоорондын арбитрынмаргаан түүнээс гарсан шүүхийн шийдвэр, энэ дундаа түр арга хэмжээ авах тушаалыг хэрэгсэхгүй болгохоор талууд тохиролцсон болно” гэж дурдсан байв.

Нөгөөх нь жижиг хувьцаа эзэмшигчийн асуудал. “Пентуотер Капитал” компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон бодит шалтгааныг “Рио Тинто” компани нуун дарагдуулж байгаа гэж үзэн ийнхүү гомдол гаргасан юм. Тэд зарга мэдүүлэхдээ илүү нухацтай ханджээ. Чухам ямар утга агуулга бүхий зарга Нью-Йоркын шүүхэд тэд илгээх болов. Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тэр ч бүү хэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэх шалтгааныг тодруулахын тулд “Рио Тинто” болон түүний гэрээлэгч компанид ажиллаж байсан 12 албан тушаалтнаас асуумж авч, мэдүүлэг бичүүлжээ. Уншигч та таасан бол бас л тохиролцоод өнгөрсөн.

 

ДАРААГИЙН ҮЗЭГДЭЛ: ХЭЛЭЛЦЭЭ, ХЭЛЭЛЦЭЭ, ХЭЛЭЛЦЭЭ

 

Оюутолгойгоор олон жил “хоолоо олж идсэн” улстөрчид яг одоо л харилцан ярилцах ёстой гэж ойлгосон нь 2020 он байлаа. Бид ч сайндаа хэлэлцээрийн ширээний ард суусан юм биш. “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид асуудал дэгдээснээс үүдэн хөрөнгө оруулагч тал “долгион”-той болж эхэлсэн. Энэ цаг үеийг сайн мэдэрч асуудлаа шийдүүлэхээр хэд хэдэн удаа суусан билээ. Өнгөрсөн онд гэхэд л хоёр ч удаа хэлэлцээрийн ширээний ард суусан.

Тухайн цаг үед Австралийн хэд, хэдэн хэвлэл одоо л Монголын Засгийн газартай учраа олох цаг гэж бичицгээж байв. Хамгийн гол нь мэдээлэл ил тод нээлттэй бай, гүний уурхайн зардал хэзээ эхлэхээ тодорхой болго гэдэг шаардлага нь нэг байсан учраас Рио Тинто ч хэлэлцээ хийхээс өөр аргагүйд хүрсэн юм. 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондоны арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар асуудлыг хэлэлцсэн.

Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газрыг татвартай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл дээрх маргааныг сөргүүлж манай талаас сөрөг нэхэмжлэл гаргаад байна. Гэрээ зөрчсөнөөс үүдэн гарсан хохирлыг барагдуулах, авлигын шинжтэй схемээс үүдсэн хохирлыг төлүүлэх гэсэн үндсэн хоёр агуулгаар Лондон хотын арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

*           *           *

 

Ердөө есөн сарын дараа хоёр талын яриа хэлэлцээ үр дүнд хүрч өрийг тэглэн, өмнө үүсгэсэн 2.4 тэрбум ам.долларын өрнөөсөө татгалзаж, Монгол Улсаас эрчим хүч татахаар боллоо. Өнөөг хүртэл өдий, төдий маргаан, мэтгэлцээний үр дүнд ийнхүү буулт хийв. Буултын дараа “Туркойз Хилл”-ийн хувьцаа өссөн мэдээлэл гарна лээ. Гэхдээ гол нь энэ биш юм. Хамгийн гол нь Рио Тинто жижиг буурай улсуудад хэрэгжүүлсэн төслүүддээ амжилт олдоггүй гэх бараан түүхээсээ хагацаж, үндэстэн дамнасан корпорацуудад залгиулаад өнгөрдөг “жижиг улс” гэж монголчууд бид цоллуулахгүй болов. Өнөөгийн засгийн өнгөн дээр тэсэлгээний ёслолд оролцсон ч энэ тэсэлгээ эцсийнх биш, цаашид ойлголцон улам урагшлуулах үүрэг бидэнд ирлээ. Тэсэлгээ эхнийх байж болох ч хэлэлцээ сүүлийнх биш!!!

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version