Эдийн засаг

SCMP: Монголын нүүрсний импорт 40 хувиар буурч, Оросынх 60 хувиар өсжээ

Нийтэлсэн

“South China Morning post”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Австралийн нүүрсэнд албан бус хориг тавьж, КОВИД-19-ийн өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо өсөж буйтай холбоотойгоор  Монголоос авч буй нүүрсээ бууруулснаар  2021 онд Хятадын коксжих нүүрсний импорт огцом буурсан билээ.  Хятад улс өнгөрсөн онд гангийн үйлдвэрлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох 54.7 сая тонн коксжих нүүрс импортлосон нь 2020 оныхоос 24.6 хувиар буурсан үзүүлэлт аж.

Шаньсид төвтэй “Today Think Tank”-ийн нүүрсний шинжээч Жиа На “Хэдийгээр БНХАУ нүүрсний олборлолтоо нэмэгдүүлсэн ч Австрали, Монголын бий болгосон нүүрсний орон зайг  нөхөж чадахгүй” гэжээ.

2020 оны аравдугаар сараас хойш буюу Канберрад хориг тавьснаас хойш Хятад улс өөрийн боомтуудад гацсан Австралийн нүүрсийг оруулж эхэлсэн бөгөөд коксжих нүүрсний нийт импортынхоо 11.3 хувь буюу 6.17 сая тонныг тус улсаас бүрдүүлсэн байна. Түүнчлэн нүүрсний ноцтой хомсдолд орсны улмаас эрчим хүч нь тасалдсантай холбоотойгоор  Бээжин өнгөрсөн оны сүүлийн гурван сарын хугацаанд Австралиас 5.54 сая тонн эрчим хүчний зориулалттай нүүрс нэмж импортложээ.

Жиа Нагийн ярьснаар одоогоор  Хятадын боомтуудад хадгалагдаж байсан Австралийн нүүрсийг бүгдийг БНХАУ импортлоод байгаа аж. Цар тахлын эх үүсвэрийг олж тогтоохын тулд Хятадад  мөрдөн байцаалт явуулах олон улсын уриалгыг Канберра дэмжсэний дараа Бээжин 2020 оны сүүлээр нүүрс, хавч, таймер зэрэг Австралийн төрөл бүрийн бүтээгдэхүүний импортод албан бус хориг тавьсан билээ. “S&P Global Platts”-ийн  мэдээлснээр Хятад, Австралийг орлох худалдааны өөр түншүүдийг эрэлхийлж эхэлсэн аж.

“Худалдааны маргааны нөлөөг эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгчид болон Хятадын эрчим хүчний байгууллагууд гэхээсээ илүү Австралийн металлургийн нүүрс үйлдвэрлэгчид болон БНХАУ-ын  гангийн үйлдвэрүүд илүү ихээр мэдрэх болно” гэдгийг “S&P Global Platts” онцлоод байгаа юм. “Sxcoal.com” сайтын нүүрсний шинжээч Ву Вэншингийн хэлснээр Хятад улс өмнө нь коксжих нүүрснийхээ хувьд Австрали, Монголоос ихээхэн хамааралтай байсан бөгөөд 2019 онд нийт импортын 86.7 хувийг дээрх хоёр улс нийлүүлсэн аж.

Монгол Улс өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний хамгийн том эх үүсвэр байсан ч КОВИД-19-ийн тохиолдол өссөнтэй холбоотойгоор Бээжин томоохон хуурай замын боомтууддаа хязгаарлалт тогтоосон нь нийлүүлэлтэд ихээхэн нөлөөлсөн билээ.

2021 онд Хятад улс Монголоос 14.04 сая тонн коксжих нүүрс импортлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.93 хувиар буурчээ. Ийнхүү Монголоос импортлох нүүрсний хэмжээ буурсантай  холбоотойгоор Хятадын  гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсний өөр эх үүсвэр рүү шилжиж, 2021 онд ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ 60 орчим хувиар нэмэгдүүлж, 10.67 сая тоннд хүргэжээ.

Түүнчлэн Монгол болон Австралийн  орон зайг нөхөж АНУ нүүрсний нийлүүлэлтээ өмнөх жилээсээ 10 дахин өсгөж, 10.18 сая тонныг нийлүүлсэн бол Канад улс хоёр дахин өсгөж, 9.27 сая тонныг нийлүүлжээ. Энэ онд Хятадын импортын коксжих нүүрсний хэрэглээ хэсэгчлэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын өмнөх түвшинд хүрэхгүй байна талаар Австралийн Засгийн газраас гаргасан коксжих нүүрсний үнэ, хэмжээ, үнийг таамагласан “The Resources and Energy Quarterly” тайланд онцолжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version