Эрүүл мэнд

Умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 хувийг аврах боломж байна

Нийтэлсэн

-Манай улсад эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүн хорт хавдрын өвчлөл хоёрдугаарт эрэмблэгдэж, хүн амын дундах тулгамдсан асуудлын нэг болоод байгаа тухай ярьж байна. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл юу байна вэ?

-Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог өвчин. Эмэгтэйчүүд дотроо элэгний хавдар нэгд, хоёрт умайн хүзүүний хавдар ордог юм. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж буй хэдхэн хүчин зүйл бий. Тэдгээрээс голлон нөлөөлж буй нь  HРV вирус буюу хүний хөхөнцөр вирусийнх байгаа юм. Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг.

Үүнээс гадна Дэлхийн жишгээс харахад хавдар насжилттай холбоотой.  Хүн өндөр наслах тусам хавдраар өвдөх магадлалтай. Тэгэхээр нас өндөр байх тусмаа умайн хүзүүн хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болж байгаа юм.  Олон хүүхэд төрүүлсэн, бэлгийн олон хавьтагчтай, дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг.

-2013 оноос умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эрт илрүүлгийн үр дүн гарч байна уу?

-Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Жилдээ шинээр 400 гаруй умайн хүзүүний хорт хавдар оношлогддог, үүний 200 гаруй буюу 50 орчим хувь нь эрт үедээ оношлогдож байгаа юм. Эрт илрүүлгийн хувьд бусад хавдраас хамаагүй сайн байдаг.  Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг 50 хувь гэдэг бол том амжилт, дэвшил юм. Бид эрт илрүүлгийн хөтөлбөрийн хүрээнд умайн хүзүүн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувийг аварч байна.

Тэгэхээр умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг 50 хувь гэдэг бол том амжилт, дэвшил юм. Гэхдээ үүнийг 70,80,90 хувь болгох боломж бий.  Өвчлөлийн гол шалтгаан болж буй хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийх юм. Шалтгааныг бид мэдэж байгаа юм чинь шалтгааныг хянах нь энэ хавдрын өвчлөлийг бууруулах боломж байна гэсэн үг.

Өнөөдөр бид Австрали улсын умайн хүзүүний хорт хавдрыг бууруулсан туршлагыг судалж, зөвлөлдөж байна. HРV вирусийн эсрэг вакцин хийснээр умайн хүзүүн хорт хавдраас 90 орчим хувь сэргийлэх боломж байгааг судалгаа харуулж байна.

2012 оны үед умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг нэвтрүүлнэ гэж байхад нийгмээс гарсан сөрөг хардлага зогсоосон. Тодруулбал, энэ вакциныг хийлгэсэн өсвөр насны охид жирэмслэхгүй гэх сөрөг мэдээлэл гарч байсан. Гэтэл энэ вакцин ямар ч аюулгүй гэдгийг сүүлийн 10 жилийн судалгаа, олон орны хэрэглэсэн туршлага харуулж байна. Тиймд  хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг заавал нэвтрүүлэх шаардлагатай юм. Өсвөр насны хүүхдэд 11-12 насанд энэ вакциныг хийлгэхийг зөвлөдөг. ДЭМБ-аас 2015 онд гаргасан тооцооллоор элэгний B вирус, болон хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийснээр дэлхий даяар жил тутам нэг сая хүнийг хавдар тусахаас сэргийлж чадна гэсэн байдаг.

Нөгөө талаас хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцин нь зөвхөн умайн хүзүүн хорт хавдраас гадна хошногоны амсрын хорт хавдар, эрэгтэй хүний шодойн үзүүрийн хорт хавдар, залгиурын хорт хавдраас сэргийлэх боломжтой юм.

Exit mobile version