Эрүүл мэнд
Эмэгтэйчүүд: Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх зөвлөмж
Дэлхийн улс орнууд хөгжихийн хэрээр хүн амын дунд халдварт бус өвчин, тэр дундаа хорт хавдрын өвчлөл, түүнээс шалтгаалсан эндэгдэл ихсэж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байна.
Тухайлбал, ДЭМБ-ын статистик мэдээллээр 2020 онд 19,2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9,9 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас амь насаа алджээ.
Манай орны хувьд өнгөрсөн онд 6702 хорт хавдрын өвчлөл шинээр бүртгэгдсэн бөгөөд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой болон умайн хүзүүний хорт хавдрууд зонхилон тохиолдож байна.
Дэлхийн эрүүл мэндийн салбар цөөн хэдэн хавдрын шалтгааныг тодорхой болгож, бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой болсны нэг нь умайн хүзүүний хорт хавдар бөгөөд манай орны эмэгтэйчүүдийн дунд хамгийн ихээр зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын нэг юм.
Жил бүрийн нэгдүгээр сарыг дэлхий нийтээрээ Умайн хүзүүний хорт хавдрын талаар мэдлэг олгох, мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулах сар болгон тэмдэглэдэг.
Энэ хүрээнд Эрүүл мэндийг дэмжих сангаас охид, бүсгүйчүүдэд хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, илрүүлэг шинжилгээ болон вакцинжуулалтын талаар мэдээлэл өгөх, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр сарын хугацаатай нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.
Манай улсын хувьд 2011 онд “Умайн хүзүүний өмөнгийн эмнэлзүйн удирдамж”-ийг боловсруулан батлуулж, эмч мэргэжилтнүүдийг сурган, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган 2013 оноос эхлэн умайн хүзүү, хөхний өмөнгийн эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлсэн.
Илрүүлгийн хамрагдалтыг сүүлийн 8 жилийн дунджаар харьцуулан үзэхэд орон нутагт 50,8%, нийслэлд 27,7%, улсын хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн 39,7 хувь нь уг илрүүлэгт хамрагдсан үр дүнтэй байна.
Цаашид нөлөөллийн аянаар дамжуулан үндэсний хэмжээнд илрүүлгийг нэмэгдүүлэх, охид бүсгүйчүүдийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох юм.
#МэдээлэлАв#ИлрүүлэгтХамрагд#ВакциндХамрагд