Эрүүл мэнд

Хавдар үүсгэдэг папиллома вирус бэлгийн замаар халдварладаг

Нийтэлсэн

Бүсгүйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой өвчнөөр буюу умайн хүзүүний хорт хавдраар нас барж, үр хүүхэд, хайртай дотнын хүмүүсээ орхин одсоор байна.  Нас баралтын гурав дахь шалтгаан болоод байгаа умайн хүзүүний хорт хавдрын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Л.Энхээтэй ярилцлаа.


-Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл болон нас баралт буурах хандлага байна уу. Одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Зонхилон тохиолдох хорт хавдрын дотор умайн хүзүүний хорт хавдар тавдугаарт орж байна. Харин эмэгтэйчүүдийн хавдрын шалтгаанаар нас барж байгаа тохиолдлын гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар багтаж байна. Ерөнхий динамикийг харвал хорт хавдраар нас барж байгаа хүний тоо жил бүр нэмэгдэж байгаа. Тиймээс охид, эмэгтэйчүүд маань умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй байх шаардлагатай байна. Өвчин үүсч байгаа шалтгааныг ихэнх хүн өөрөөс нь хамааралгүй, бусад зүйлээс үүдэлтэй гэж ойлгодог. Гэвч хорт хавдар нь халдварт бус өвчний тоонд ордог. Халдварт бус өвчний дийлэнх нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотойгоор үүсдэг юм. Маш бага хувь нь хүрээлэн буй орчин, ахуй нөхцөлтэй холбоотой байдаг.

 -Өвчлөхгүй байх боломжтой ч жил бүр нэмэгдсээр байгаа энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн арга санал болгохгүй юу?

-Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүний амьдралын хэвшил, өвчлөл дэлхий дахинд нэмэгдэж байгаа. Монголчуудын хувьд бараг 80 хувь нь хавдрын сүүлийн шатандаа оношлогдож байгаад асуудлын гол шалтгаан байгаа юм. Нас барахаасаа нэг жилийн өмнө эмнэлэгт хандаж байгаа. Гэтэл эсэд өөрчлөлтөд орсон үеэс эхлээд бүх эрхтэнд өөрчлөлт орох, мэдэгдэхүйц шинж тэмдэг илрэх хүртэл өвчин дөрвөн шат дамжиж байгаа. Бусад орны хувьд хорт хавдрын тохиолдол их байгаа ч эрт үед нь оношлуулж, эмчилгээндээ ороод хэвийн ажиллаж, амьдардаг. Монголчуудын дунд орой оношлуулдгаас болоод хорт хавдраар өвчилсөн л бол үхдэг гэсэн ойлголт байдаг. Эрт үед нь хавдрыг мэдвэл дэлхий дахинд хавдрыг хэрхэн эмчилж байгаа бүх арга, технологи Монголд байна.

Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан тодорхой тул урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн хамгийн чухал эрхтэн нь умайн хүзүү. Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний энэ дэлхийд ирсэн хамгийн үнэ цэнэтэй зүйл. Гэвч бэлгийн харьцаанд орсон тэр цагаас эхлэн олон төрлийн халдвар авах эрсдэл нэмэгддэг. Үүний нэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг папиллома вирус. Папиллома вирусийн халдвар авсан хүн маш хурдан үрэвсэлт эмгэгээр өвчлөх, умайн хүзүүний шархлаат эмгэгээр өвчлөх эрсдэлтэй. Судалгаагаар насанд хүрэгчид буюу бэлгийн харилцаанд орсон хүмүүсийн 90 гаруй хувь нь папиллома вирусийн халдвар авсан байдаг.

Эрчүүдийн хувьд өвчлөхгүй ч папиллома вирусийн тээгч болдог. Вирус авсан эмэгтэй хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс шалтгаална. Мөн вирус авсан хүн хавдраар өвчлөх эсэх нь бэлгийн амьдралын онцлогтой холбоотой.

Умайн хүзүүний хавдраар өвчилсөн эсэхийг мэдэх арга нь эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах. Ингээд папиллома вирусийн халдвар байвал түүнийг эмчилж болно. Энэ нь хамгийн хялбар эмчилгээ байдаг.

Умайн хүзүүний хавдар үүсгэдэг папиллома вирус нь бэлгийн замаар дамждаг. Бас олон төрөлт, үр хөндөлт зэргээс үүдсэн ажилбаруудын нөлөөллөөс умайн хүзүү гэмтэх, шархлах, папиллома вирустэй урвалд орох, цаашлаад хавдар үүсэх эрсдэл үүснэ. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ХҮНИЙГ ВАКЦИНААС ИЛҮҮ ХАМГААЛДАГ

-Дэлхий дахинд охидод папиллома вирусийн эсрэг вакцин хийдэг. Монголд уг вакциныг хийх гэтэл иргэдийн эсэргүүцлээс үүдэн зогссон удаатай. Гэхдээ вакциныг дахин хийж эхлэх талаар яригдаж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-Дэлхийн олон орон өсвөр насны охидод өөрөөр хэлбэл бэлгийн харьцаанд орохоос нь өмнө папиллон вирусийн эсрэг вакциныг хийдэг. Харин манайд Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд папиллома вирусийн эсрэг вакцин хийж эхлэх гэж байсан ч нийгмийн дундах цэгцрээгүй ойлголтоос шалтгаалан хэрэгжиж чадаагүй. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тулгуурлан умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний удирдамжийг шинэчлэх, дэлхий дахинд тавигдаж байгаа зорилтоос бид хоцрохгүй байхын тулд энэ үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ажиллаж байгаа. Тун удахгүй монгол охид, эмэгтэйчүүдийг папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулдаг болох байх гэж найдаж байна.

-Гэхдээ уг вакцин нь умайн хүзүүний хавдраас бүрэн сэргийлдэггүй гэдгийг хүмүүс мэддэггүй юм билээ?

-Хүмүүс вакцин хийлгэсэн л бол умайн хавдраас сэргийлж байгаа гэж ойлгож магадгүй.  Вакцин нь умайн хүзүүний хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй папиллома вирусийн халдвараас сэргийлдэг. Папиллома вирусийн олон төрөл байдаг. Вакцин нь тэр олон төрлийн папиллома вирусээс хоруу чанараараа хорт хавдар үүсгэж болох түгээмэл вирусээс хамгаалж, хорт хавдрын эрсдэлийг бууруулж байгаа юм. Ингэснээр урьдчилан сэргийлж болох өвчнөөр эмэгтэйчүүд нас барах нь багасах юм. Эрүүл мэндийн талаарх мэдлэг хүнийг вакцинаас илүү хамгаалдаг.

ЗӨВХӨН ОХИДЫГ БУС ХӨВГҮҮДИЙГ Ч ЦЭНЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Эрэгтэйчүүд ч папиллома вирус дамжуулагч тул умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоо чухал санагддаг юм?

-Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэхэд эрэгтэй хүний хандлага, байр суурь маш чухал. Сүүлийн үед өсвөр насны охидын дунд үр хөндөлт, жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэж байгаа. Энэ бүх үйл ажиллагаанд эрэгтэй хүний оролцож байгаа. Тиймээс энэ талаарх мэдлэгээр зөвхөн охидыг бус хөвгүүдийг ч цэнэглэх шаардлагатай.

Олон жилийн туршид байсан, одоо ч байгаа нэг зүйл нь эрэгтэйчүүд охидыг хайртай л юм бол хайртайгаа батал гэх шаардлага. Ингээд хамгийн нандин зүйлээ шаардсан хүнд өгдөг. Гэвч үүнээс үүдэн эмэгтэй хүнд үүсэх эрсдэлийг эрэгтэй хүн боддоггүй. Ингээд охидод хүсээгүй жирэмслэлт, янз бүрийн халдвар авах зэрэг эрсдэл үүсдэг. Бэлгийн харьцаанд эрт орох тусам папиллома вирусийн халдвар авах эрсдэл нэмэгддэг.

Тиймээс эрэгтэй хүн тийм зүйл шаардахаасаа илүү үйлдлээрээ, халамжаараа, хариуцлагаараа хайр сэтгэлээ илэрхийлж болно.  Тухайлбал, эрэгтэй нь түрүүлж санаад эмэгтэйгээ эмэгтэйчүүдийн үзлэгт оруулж болно

-Эмэгтэй хүн хэдэн наснаасаа үзлэгт орох нь зохимжтой вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгийг бараг албан журмаар явуулах үе байсан. Гэвч энэ нь хүний эрхтэй зөрчилдсөн. Тиймээс хувь хүн өөрөө идэвх, оролцоотой байх шаардлагатай. Жил бүр эмэгтэйчүүдийн үзлэгт орох шаардлагатай. Нас ахих тусам хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг. Ер нь, 30 наснаас эхлээд архаг өвчний суурь тавигддаг болохоор энэ насны хүмүүс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах нь хэрэгтэй.

Exit mobile version