Дэлхий

Украин руу Оросын цэрэг халдвал NATO цэргээ илгээхгүй

Нийтэлсэн

Хэрвээ Украин улс руу ОХУ-ын цэрэг халдан довтолбол NATO цэргээ илгээхгүйг тус байгууллагын тэргүүн мэдэгджээ.

“Украинд цэргээ илгээх төлөвлөгөө бидэнд байхгүй. Бид тусламж дэмжлэг үзүүлэхэд анхаарна” гэж NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр BBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “NATO-гийн гишүүн байх, Украин шиг хүчтэй, өндөр ач холбогдолтой түнш байхын хооронд ялгаа бий” гэжээ.

Украины хилийн орчимд их хэмжээний цэрэг, зэвсэг хуримтлуулсан ОХУ-ын эрх баригчид аль нэг улсыг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөгүйгээ дахин дахин илэрхийлж байгаа. Гэхдээ өөрийн аюулгүй байдлын баталгааг гаргаж өгөхийг АНУ тэргүүтэй NATO-гийн холбоотнуудаас шаардаж байгаа юм.

Үүнд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд болон нөлөөллийн бүсэд байсан орнуудаас цэргээ гаргах, нэмж гишүүн орон элсүүлэхгүй байх шаардлагууд тавигдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын шаардлагын хариуг АНУ-ын засаг захиргаа бичгээр өгсөн юм. Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярихдаа Москвагийн шаардлагыг өрнөдийнхөн үндсэндээ хүлээж аваагүй гэсэн мэдээлэл өгсөн байна.

Одоо өрнөдийн орнууд Украин руу ОХУ-ын зүгээс халдан довтолсон тохиолдолд Москвагийн эрх баригчдыг ямар эдийн засгийн аргаар шийтгэх талаар ид хэлэлцэж байгаа юм.

Баасан гарагт Москва дахь АНУ-ын элчин сайд Жон Салливан хэлэхдээ “Оросын засгийн газар Украинд халдах төлөвлөгөөгүйгээ ил тод мэдэгдэж байгаа ч газар дээрх бодит нөхцөл байдал эрс өөр байна” гэжээ.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров ойрын үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр мэдэгдсэн байна. Гэхдээ шаардлагыг нь хүлээж аваагүй Вашингтоны эрх баригчдын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг Владимир Путин эцэслэн шийдэхийг тэр мэдэгджээ.

Эх сурвалж: AFP

Exit mobile version