Дэлхий

Умард Солонгос шинэ он гарснаас хойш долоо дахь зэвсгийн туршилтаа гүйцэтгэлээ

Нийтэлсэн

Ням гарагийн өглөө Умард Солонгосын дэглэм энэ сарын долоо дахь зэвсгийн туршилтаа гүйцэтгэжээ.

Дунд тусгалын пуужин байж болзошгүй туршилтын зэвсэг 2,000 км-ийн өндөрт хүрснийхээ дараа Япон тэнгисийн усанд буусан байна. Ингэхдээ 800 км-ийн алсад байгаа байнд 30 минутын дотор хүрснийг Япон, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд тооцоолжээ.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр туршилтын зэвсэг нь 2017 онд Умард Солонгосын туршсан Хвасон-2 пуужинтай төстэй байсан байна.

АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд НҮБ-ын хоригийг зөрчиж, зэвсэг туршсан явдалд харамсал илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.

Богино хугацаанд олон удаа зэвсэг туршсан нь эдийн засгийн хориг, цар тахалд эдийн засаг нь туйлдсан Умард Солонгосын дэглэм тасалдаад буй яриа хэлэлцээг сэргээхийг өөрийн гол холбоотон Хятад, дайсагнагч АНУ болон хөрш орнууддаа сануулж буйн илэрхийлэл гэж ажиглагчид дүгнэж байна.

Бээжингийн өвлийн олимпын наадам эхлэхийн өмнө, гуравдугаар сард болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө туршилтууд болж байгаагаараа цаг хугацааны хувьд онцлог юм.

“Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулиас сар гаруйн өмнө зэвсэг туршсан нь Өмнөд Солонгос улс болон энэ улсын шинэ ерөнхийлөгчид сануулга өгөх зорилготой байж болзошгүй. Бас дотооддоо удирдагчийнхаа хүч чадлыг харуулж, ард иргэдийн итгэл үнэмшил, нэгдэл нягтралыг өсгөх зорилготой байх” гэж Трой их сургуулийн судлаач, доктор Пинкстон ярьж байна.

Эх сурвалж: BBC

Exit mobile version