Засгийн газар
Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан своп хэлцлийг 2026 он хүртэл сунгах талаар ярилцжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ.
Энэ үеэрээ “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцжээ.
Эргэн сануулбал, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд 2014 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж байжээ. Гэрээний хугацаа 2017 оны наймдугаар сард дуусгавар болох байсан бол гурван жилээр сунгаж байв. Мөн 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасан юм.
Своп хэлцэл гэж: Тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/-ыг хэлдэг.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар