Covid-19
Б.Буянтогтох: Эрүүл мэндийн 14 төрлийн тусламж, үйлчилгээ цахим хэлбэрт шилжлээ
Эрүүл мэндийн салбарт хийж буй цахим шилжилтийн талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд цахим шилжилтийг салбар бүхэнд хийж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт 2021 онд томоохон ажлыг хийж дуусгалаа. Үүнд, эмнэлгийн цаг захиалах, вакцины гэрчилгээг цахимаар авах, эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тодорхойлолт, жирэмсний лист гэх зэрэг 14 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ.
Иргэн бүр цахим карттай болох боломж бүрдэж байна. Ингэснээр тухайн иргэний эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээлэл нь цахим картад хадгалагдана. Эмнэлгээр олон жил явсан хүний карт ном шиг зузаан болсон байдаг. Цахим картад шилжсэнээр иргэний эрүүл мэндийн мэдээлэл чанараа алдахгүй хадгалагдана.
ААН-үүд шаардагддаг төрөөс олгох тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэлийг цахимжууллаа. Энэ хоёр ажилд нэлээд хугацаа шаардагддаг. Материал хүлээн авах, хурлаар орох зэрэг 7-8 алхмуудтай ажил. Цахимжуулснаар магадлал итгэмжлэл хүссэн бол материал нь аль шатандаа явааг харах боломжтой. Цахимжуулснаар төрийн байгууллагуудад хувь хүний оролцоог бууруулах, авлигаас ангид байх боломж бүрдэж байна гэлээ.