Энтертайнмент
Британийн сошиал од K-pop хамтлагийн гишүүнтэй адилхан болохын тулд $250,000-ыг мэс засалд зарцуулжээ
Британийн сошиал инфлүэнсер Оли Лондон (Oli London) хэмээх залуу Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн Пак Жи Минтэй адилхан болохын тулд 20 удаа гоо сайхны мэс засалд орж, нийт $250,000-ыг зарцуулснаа саяхан Newsweek сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.
ТикТок сүлжээнд 700,000 орчим дагагчтай тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард өөрийгөө “transracial” буюу үндэс угсаасаа сольсон хүн хэмээн зарлаж байсан юм
Өөрөөр хэлбэл цагаан арьстнаас солонгос хүн болж хувирснаа зарлаж байжээ.
Энэ явдлын дараа тэр хүмүүсээс маш олон тооны сүрдүүлгийн мессэж хүлээж авах болсон байна. “Бид чамайг хаана байгааг мэдэж байна. Удахгүй олж очоод алах болно” гэх зэрэг агуулгатай мессэж олныг хүлээж авсан Лондон нэг хэсэгтээ нуугдаж, хүмүүст танигдахгүйн тулд үсээ хүртэл хусуулж байсан гэнэ.
Улмаар нэг сарын турш нууц байдалд байсныхаа дараа 32 настай инфлүэнсер саяхнаас сошиал ертөнцөд эргэн идэвхжиж эхэлжээ.
Нэгдүгээр сарын 29-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ тэр бэлэг эрхтнээ жижгэрүүлж, солонгос эрчүүдийн дундаж хэмжээнд ойртуулах мэс засалд орох гэж байгаагаа зарласан нь хүмүүсийн дунд дахин дуулиан дэгдээсэн байна.
Олон хүн уг төлөвлөгөөг нь бусдыг арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлах үзлийг илэрхийлж байна гэж шүүмжилжээ. Харин Оли Лондон үүнийгээ зүгээр л 100 хувь солонгос хүн болох зорилготой гэж ярилцлагадаа тайлбарласан байна.
Тэрбээр солонгос хэлийг төгс сурч, Солонгосын соёлд бүрэн уусаж, Солонгосын телевизийн хөтлөгч болох зорилготойгоо ярьжээ.
Оли Лондоны сарын өмнө өгсөн ярилцлагын дүрс бичлэгийг үзүүлж байна. Тухайн үед тэрбээр $150,000-ыг гоо сайхны мэс засалд зарцуулаад байжээ.