Дэлхий

Украин хэзээ Оростой нэгдэх талаар Беларусийн ерөнхийлөгч таамаг дэвшүүлжээ

Нийтэлсэн

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко саяхан YouTube-ийн “Соловьёв LIVE” сувагт ярилцлага өгсөн нь өчигдөр Оросын хэвлэлүүдэд хэсэгчлэн нийтлэгджээ.

Тэрбээр уг ярилцлагадаа Украинд үргэлжилж буй хямралын талаар байр сууриа илэрхийлсэн байна. “Вашингтоны эрх баригчид Украинд дайн эхлүүлэх хүсэлтэй байна. Бидний дунд өрнөж буй болзошгүй дайны талаар маргааны мөн чанар нь энэ. Украинчууд үнэндээ дайныг хүсэхгүй байгаа” гэж Лукашенко ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Зеленский дайн гарахгүй гэж тэнхээгээрээ чарлаж байна. Харин одоо Америкчууд түүний байр суурийг өөрчлүүлэхээр шахаж байгаа” гээд Украины ерөнхийлөгчийг “толгойгүй хүн” хэмээн шүүмжилсэн байна.

Украины цаашдын ирээдүйг ОХУ-тай нэгдсэн улсын бүрэлдэхүүнд орох нь тодорхой гэж Лукашенко дүгнэжээ.

“Беларусь одоо ийм тогтолцоонд шилжиж байгаа. Энэ нь Казахстанд сайн сургамж болно гэж би үзэж байна. Хэрвээ Украин одоогийн хямралаасаа зөв замаар гарч чадвал 15 жилийн дотор нэгдсэн улсын бүрэлдэхүүнд багтах боломжтой” гэж тэр ярьсан байна.

Орос, Беларусь улсууд нэг засгийн газартай, нэг парламент, нэг шүүхтэй болж, нэгдсэн улс байгуулах яриа хэлэлцээг 1999 онд эхлүүлж байв.

Гэвч өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд ямар нэг ахиц дэвшил гараагүй юм. Өнгөрсөн онд л хоёр улсын ерөнхийлөгч нар эдийн засгийн салбараа интеграцчилах ажлыг эхлүүлэхээр тохиролцож байв.

Эх сурвалж: Russia Today

Exit mobile version