Боловсрол

Л.Энх-Амгалан: Дурын үндэстнийг устгахад ШАЛГАЛТЫН ҮЕЭР ХУУЛАХЫГ зөвшөөрөхөд л хангалттай

Нийтэлсэн

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2022.02.06/ өөрийн цахим хуудаснаа “Ковид цар тахлын улмаас үүссэн хичээлийн хоцрогдлыг, боловсролын шинэчлэлийг дан ганц төсөв мөнгө, гадны тусламж, зээлээр шийдэхгүй. Энэ асуудлыг алс ирээдүйгээ харж, асуудлыг жижиг гэлтгүй олж, боловсролоо томоор нь зэрэг урагшуулахгүй бол зүгээр нэг детальчилж, косметик засвар хийгээд түүнийгээ хичээлийн хоцрогдлын эсрэг төлөвлөгөө гэж эндүүрэхгүй байх хэрэгтэй. Ковидын цар тахлаас үүдэлтэй хоцрогдол гэж улиг болтол ярих биш харин урагшаа харсан зөв бодлогоор зангидаж явах нь чухал.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1-12 дугаар ангийнханы дунд хичээлийн хоцрогдлын оношлогооны судалгаа бүрэн хийгдэж, хаанаа аль түвшинд илүү хоцрогдолтой байгааг илрүүлсэн. Өнгөрсөн жил бид олон салбарын төлөөлөл нам харгалзалгүй оролцсон баг ажиллаж Боловсролын ерөнхий хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ бол боловсролын шинэчлэлийн бодлогын алхам болж чадсан гэж боддог.

Цэцэрлэг нь бага боловсролтой уялдаагүй, бага, дунд боловсрол нь мэргэжлийн сургалт, коллежтойгоо уялдаагүй, мэргэжлийн боловсрол нь их дээд сургуулийн хөтөлбөртэйгөө уялдаж чадаагүй байсныг цогц болгож буйгаараа онцлог хууль. Энэ бүхнийг нэгтгэсэн Боловсролын хуулийг урьд өмнө цогцоор нь харж хийж байгаагүй. Энэ хууль багш, эцэг эхчүүд, асран хамгаалагч, сурагч, оюутан бүрийн оролцоог хангасан, эрхийг хамгаалсан хууль байх ёстой гэж анхны нийтлэг үндэслэлийг боловсруулсан.

Яагаад улс гүрнүүдэд боловсрол хамгийн чухал салбар нь байдаг вэ. “Дурын үндэстнийг устгахад цөмийн бөмбөг, эсвэл холын зайн тусгалтай пуужин хэрэггүй. Үүнд зөвхөн боловсролын чанарыг бууруулж, оюутнуудыг шалгалтын үеэр хуулахыг нь зөвшөөрөхөд л хангалттай”. Энэ үг их зүйл хэлдэг, өгүүлдэг. Товчхондоо “Боловсрол устахад үндэстэн устана” хатуу ч гэсэн үнэн үг” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Exit mobile version