Эдийн засаг

Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсэг их хүлээлт үүсгэнэ

Нийтэлсэн

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан талаарх мэдээлэл гарсан. Мөн уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлах аж. Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийг тэлэх, экспортыг нэмэгдүүлж, шинэ ажлын байруудыг зорилготой анх байгуулагдсан Хөгжлийн банкыг хорин хэдхэн компани дампууруулах хэмжээнд хүргэсэн гэдгийг олон нийтэд зарлаад удаагүй байгаа энэ үед Ажлын хэсэг гаргаж шалгах гэж байгаа нь сайн хэрэг.

Харин уг шалгалт хэр үнэн зөв, хурдан шуурхай байх тал дээр эргэлзээ, хардлага төрүүлэх нь дамжиггүй. Ажлын хэсгийг ахлахаар болсон хүний талаар шүүмжлэл эхнээсээ гараад эхэлсэн нь үүнийг улам тодорхой болгож байна. Уг нь Ажлын хэсгийг ахлаад асуудлыг шударгаар шийдүүлчих хэмжээний итгэл даах хүмүүс өнөөгийн УИХ-д мэдээж бий.

Эрх баригчид бүүр илүү оноо цуглуулж, унаж яваа ард түмний итгэлийг сэргээхийг хүссэн бол уг Ажлын хэсгийг цөөнхийн төлөөллөөр ч ахлуулж болох байлаа. Гэлээ гээд яахав, ямартаа ч албан ёсны шалгалт хийгдэх болж байна. Ер нь бол Хөгжлийн банкыг өмнө нь 2017, 2019 онуудад Засгийн газраас шалгаж, өнгөрсөн онд Монголбанк дүгнэлт гаргасан байдаг. Тэгэхээр шалгасан, шалгаагүй хариуцлага тооцоод буруутай этгээдүүдээр зээлийг нь төлүүлэх арга хэмжээ авахыг хүсэх л юм бол материал хангалттай байгаа гэсэн үг.

Эргэн сануулахад, Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 26 компанийг эхний ээлжинд шүүхэд өгч байгаагаа тус банкны захирал Н.Мандуул энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Ингэж шүүхэд шилжих дээрээ тулах нь асуудлыг улам сунжруулж, зээлийн хүү нь зогсдог тал ч бий. Гэсэн хэдий ч огт төлүүлэлгүй орхисноос дээр нь мэдээж. Дээрх 26 гэдэг тоо 69 болж нэмэгдэхийг ч эх сурвалжууд хэлсэн.

Тэгэхээр энэ Ажлын хэсэг нэлээд их ажилтай, ард түмний төр засаг, шүүх засаглал, хууль тэгш үйлчлэх зарчимдаа итгэх үү, эс итгэх үү гэдгийг ч шийдэж мэдэх чухал ажилтай болж байгаа юм.

Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу нарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон эрсдэлтэйд тооцогдож буй ихэнх зээл тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж асан Б.Батбаярын үед олгогдсон нь ийнхүү шалгахад хүргэсэн ч байж мэднэ.

Өнгөрсөн сард болсон УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Нийт 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум төгрөгийн асуудал байна. Үүний цаана дахиад 13 зээлдэгчийн 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал ч бий. Сангийн яам тухайн үед хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, прокурор, АТГ-аас зөвлөгөө авч, чанаргүй зээлдэгчдийг шүүхэд өгсөн. Энэ ажлыг цаашаа эрчимжүүлэх ёстой. Тайвширч болохгүй” хэмээн хэлж байв. Тэгэхээр энэ асуудал дээр тайвширч, хойш суулгүйгээр УИХ Ажлын хэсэг байгуулсныхаа идийг үзэж, зээлийг эргэн төлүүлэх хэрэгтэй. Хэрэв тухайн зээлүүдийг зориулалтын дагуу зарцуулсан бол эдийн засаг хямарсан, цар тахалд дарлуулсан энэ жилүүдэд ихээхэн дэм болох байсныг өдгөө эдийн засагчид хэлж байгаа. Харин нэгэнт буруу тал руугаа хэт олгогдсон зээлүүдийг эргэн төлүүлж, Хөгжлийн банкыг хөгжих зөв замд нь оруулах их хүлээлтийг Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг үүсгэхээр боллоо.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version