Эдийн засаг

Экспортын биет хэмжээ буурсан ч, орлого буураагүй гэв

Нийтэлсэн

2021 оны улсын  төсөвт 28.7  сая тонн нүүрс экспортлохоор тусгасан ч, арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар буюу нэгтгэсэн дүнгээр 15.9 сая тонн нүүрс экспортод гарсан гэсэн мэдээллийг УУХҮЯ-наас өнгөрсөн сард  өгч байсан. Энэ тооцооллоор бол нүүрсний экспортын биет хэмжээ 13 орчим сая тонноор тасалдсан.

Тэгвэл УУХҮЯ-наас өчигдөр өгсөн мэдээллээр өнгөрсөн онд нүүрсний экспорт 16.1 сая тонн болсон байна.  Зарим эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан ч, экспортын орлого өмнөх жилийнхээс өссөн гэж мэдээллээ.

Ковид цар тахал гарахаас өмнө манай улс жилд 30 гаруй сая тонн нүүрс экспортолдог байсан бол өнгөрсөн онд 16,138 мянган тонныг экспортод гаргасан. Хэдийгээр  эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан ч 2021 онд түүхий эдийн дэлхийн зах зээл дэх ханш өндөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд экспортоос олох орлого өмнөх жилүүдийн экспортын орлоготой дүйх хэмжээнд байгаа юм. Тухайлбал:

 

  • 2018 онд 36,265 мянган тонн нүүрс экспортолж 2,803 сая долларын орлого

 

  • 2019 онд 36,604 мянган тонн нүүрс экспортолж  3,079 сая долларын орлого

 

  • 2020 онд 28,677 мянган тонн экспортолж 2,127 сая долларын орлого

 

  • 2021 онд 16,138 мянган тонн  нүүрс экспортолж 2,779 сая долларын орлого олжээ.

 

Нүүрсний экспортын 85 хувь нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар, зэсийн баяжмалын экспортын 54 хувь нь Гашуунсухайт, 46 хувь нь Замын-Үүд боомтоор гарч байна.

2021 онд зэсийн баяжмалын үнэ өсөлттэй байсан. 2017 онд 1,447 мянган тонн зэсийн баяжмал, хүдэр экспортолж түүнээс 1,613 сая долларын орлого олж байсан бол өнгөрсөн онд 1,283 мянган тонныг  борлуулж 2,900 сая долларын орлого олжээ.

Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 69 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, экспортын 93 хувийг тус тус эзэлж байна.

2021 оны байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6 хувь буюу 4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн гэсэн мэдээллийг УУХҮЯ-наас өгч байна.

Сануулахад, Сангийн сайд Б.Жавхлан энэ оны төсвийг хэлэлцэх үеэр  “Гол экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эд байх болно, үнэ өндөр байгаа энэ үед хангалттай экспорт хийж чадахгүйгээс алдагдал хүлээх төлөвтэй байгаа. Дэлхийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ боломжийг 2022 онд алдахгүйгээр, экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн. Нөхцөл байдал гадаад, дотоод орчноос хамааралтай. Тухайлбал, Гашуун-Сухайт боомт дээр чингэлэг тээврээр нэвтрэн өнгөрүүлэх томоохон чингэлэг тээврийн терминалыг барьж дуусгасан. Мөн Шивээ хүрэн боомт, Замын-Үүд дэх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Exit mobile version