Дэлхий

“Хэрвээ Украин NATO-д элсвэл Орос, Франц улсууд хоорондоо дайтна” гэж Путин хэлжээ

Нийтэлсэн

Даваа гарагт Орос, Францын ерөнхийлөгч нар Москва хотод уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.

Энэ үеэр Францын сэтгүүлч Украин NATO-д элсвэл ямар үр дагавартай талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс асуужээ.

“Та Франц улсыг Оростой дайтуулахыг хүсэж байна уу? Хэрвээ Украин NATO-д элсээд Крымийн хойгийг буцааж авахыг оролдвол яг ийм зүйл болно” гэж Путин сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

2014 онд Украины нийслэлд үймээн самуун гарах үеэр Крымийн хойгийн оршин суугчид ОХУ-д нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн гэж Москвагийн эрх баригчид үздэг.

Харин NATO-гийн гишүүн орнууд үүнийг эзлэн түрэмгийлэл гэж үзээд одоо болтол хүлээн зөвшөөрдөггүй юм.

Хэрвээ Украин Крымийн хойгийг өөртөө буцааж нэгтгэх дайныг эхлүүлбэл NATO-гийн гэрээний 5 дугаар заалтын дагуу “бүх Европ  уг дайнд татагдан орно” гэж үзэж байгаагаа Путин тайлбарлажээ.

“Орос бол дэлхийн цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн нэг. Тиймээс дайнд хэн ч ялахгүй. Макрон ийм зүйлийг хүсэхгүй байгаа. Би ч бас” гэж тэр бас хэлсэн байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Украины хямрал, Европын аюулгүй байдал, хоёр улсын харилцааны асуудлуудыг хэлэлцэхээр Москва хотод хүрэлцэн очсон юм. Өнөөдөр тэр Украины нийслэл Киев хотод айлчилж, тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзана.

 

Эх сурвалж: Russia Today

Exit mobile version