Дэлхий

Орос улс Украинд халдвал “Умард Урсгал 2” ажиллахгүйг Байден амлав

Нийтэлсэн

Германы шинэ канцлерь Олаф Шольц өчигдөр Вашингтон хотод анх удаа айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм.

Уулзалтын дараа Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Байден “хэрвээ Орос улс Украинд халдвал Умард Урсгал 2 байгалийн хийн хоолойн төсөл дуусгавар болно” гэж мэдэгджээ.

“Умард Урсгал 2” нь ОХУ-аас Балтийн тэнгисээр дайруулан Герман руу татсан 1,225 км урт байгалийн хийн хоолойн төсөл юм. Таван жил үргэлжилж, $11 тэрбумыг зарцуулсан уг төсөл Оросоос Германд нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой.

Германы дүрэм журамд нийцээгүй гэсэн үндэслэлээр хоолой ашиглалтад орох хугацаа одоогоор хойшлогдоод байгаа.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өмнө нь хэлэхдээ уг хоолойг “геополитикийн аюултай зэвсэг” хэмээн нэрлэж байв.

Гэхдээ Германы томоохон компаниуд уг төсөлд багагүй хэмжээний хөрөнгө оруулсан тул Берлиний эрх баригчид хийн хоолойд хориг тавих эсэх нь эргэлзээтэй байна.

Өчигдөр Байден ганцаараа “Умард Урсгал 2” төслийг зогсоож, Москвагийн эзлэн түрэмгийллийн хариуд шийтгэх амлалт өгсөн юм.

Харин канцлерь Шольц энэ талаар шууд амлаагүй бөгөөд “Хэрвээ халдан түрэмгийлбэл ижил хариу арга хэмжээ авах дээр АНУ, Германы талууд бүрэн санал нэгдсэн” гэх ерөнхий байр суурь илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version