Дэлхий
ОХУ Украин руу довтлоход шаардлагатай цэргийн хүчнийхээ 70 хувийг бүрдүүлжээ
ОХУ Украиныг бүрэн хэмжээгээр довтлоход шаардлагатай цэрэг, техник, байлдааны хүчний 70 орчим хувийг бүрдүүлээд байгаа бөгөөд хөрш орныхоо хил рүү нэмэлт батальон илгээсээр байгаа тухай АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ. Түүнчлэн довтлогоо хийх боломжит цаг хугацааг АНУ-ын холбогдох албаны хүмүүс хоёрдугаар сарын 15 гэж тооцоолж байна. Тухайн үед газрын хөлдөлт дээд цэгтээ хүрч, Оросын цэргийн ангиуд бартаат замаар дамжин нэвтрэх боломжтой гэж албаныхан мэдэгдэв.
ОХУ Украины хилийн ойролцоо 100 мянга гаруй цэргээ байрлуулаад байгаа бөгөөд довтолгоо хийхээр төлөвлөөгүй ч аюулгүй байдлын шаардлагыг нь биелүүлэхгүй бол цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Хэрвээ оросууд Украины нийслэл Киев рүү довтлох юм бол хэдхэн хоногийн дотор эзэлнэ гэж АНУ-ын албаныхан мэдэгдэв. Бүрэн хэмжээний дайралт их хэмжээний хохирол учруулна гэж албаны хүмүүс анхааруулж байгаа юм. Хамгийн багадаа Украины 5000-25 мянган цэрэг, Оросын 3000-10 мянган алба хаагч, 25-50 мянган энгийн иргэн амиа алдахаар байгаа аж. Харин АНУ-ын тооцоогоор 25- 50 мянган орчим цэрэг амиа алдах эрсдэлтэй гэнэ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ОХУ-ын цэргийн хүч Украин руу хэзээд ч довтолж магадгүй гэж мэдэгдсэн. Тэрээр ням гарагт “Fox News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “ОХУ-ын цэргийн хүч Украин руу хэзээд ч довтолж магадгүй. Өнөөдөр ч, эсвэл хоёр долоо хоногийн дараа ч довтолж магадгүй. Гэхдээ Москва асуудлыг дипломат замаар шийдэх гарц хайсаар байгаа” гэсэн байна.
Албан бус тоо баримтаар Украины хилийн ойролцоо ОХУ 100-130 мянган цэрэг байршуулсан гэж тооцоо байна. Тухайлбал, Украины зүүн хилийн дагуу Оросын цэргийн гол хүч байрлаж байгаа аж. Мөн Украинаас салан тусгаарласан Луганск болон Донецк мужид Оросын дэмжлэгтэй салан тусгаарлах хөдөлгөөний олон мянган дайчин байгаа гэж тодорхойлсон. Хамгийн сүүлд, Украины зүүн хилийн ойролцоох ОХУ-ын цэргийн анги, нэгтгэлүүдэд цусан хангамж болон цусны сийвэнгийн нөөцийг татан авсан байна. Улмаар ажиглагчид Оросын арми байлдааны ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлыг үндсэндээ хангасан гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн, Крымийн хойгт Оросын тэнгисийн цэргийн хүч төвлөрч байгаа бөгөөд Украины баруун хэсгийн Одесс хотын ойролцоох Молдаваас салан тусгаарласан Приднестровийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын энхийг сахиулах хүч байрладаг. Үүний дээр, өнгөрсөн пүрэв гарагт Украины нийслэл Киев болон тус улсын өмнөд хэсгийн хилийн дагуух Беларусийн нутаг дэвсгэрт ОХУ-ын томоохон цэргийн хүч байлдааны хээрийн сургуулилт эхлүүлсэн.
АНУ-ын хиймэл дагуулын мэдээллээр Беларусь дахь Оросын цэргийн хүч Украины хилээс 30 гаруй километрийн зайд байрлаж байгаа аж. Тухайлбал, Беларусь дахь Хүйтэн дайны үеийн Лунинец агаарын цэргийн баазад Оросын “Су-25” байлдааны нисэх онгоцнууд болон агаарын довтолгооноос хамгаалах “S-400” систем байршсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-д аюулгүй байдлын баталгаа өгч, Украиныг НАТО-д элсүүлэхийг зогсоох шаардлага тавьсан. Харин уг шаардлагыг Украин хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд барууны орнууд Киев НАТО-д элсэх эсэхийг Москва шийдэх ёсгүй гэж мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН