Эдийн засаг

Хөгжлийн банк байгуулсан ч хөгжилтэй золгоогүй нэг үе

Нийтэлсэн

Нэг үе. Х.Цэвлээ гуайн тайлбар тольд 12 жилийг нэг үе гэж тооцсон тухай тайлбар байна. Одоо хэл ам дагуулаад би авсан, чи авсан гэж бие, бие рүүгээ авсан зээлээ бухаад байгаа Хөгжлийн банк байгуулагдаад яг нэг үетэй золгожээ. Гэтэл хөгжил гэдэг “юм”-тай нүүр тулсангүй. Нүүр тулах нь бүү хэл хөгжинө гэдгийг хөлжинө гээд ойлгочихсон бүтэн үе шилээ маажаад, шилэн нүүрлээд зогсож байна.

 

ШОШГО ХАДСАН ҮЕ

 

Одоогоос 12 жилийн өмнөх рүү цаг хугацааны хүрдийг ухраая. Хөгжлийн гэх тодотголтой олон банкнаас зээл аваад түүгээрээ мөнгө олчихлоо гэж бардамнаж байсан 2010-аад оны үе. Газар доороо баялагтай гээд гаднынхан манайх руу хошуурч байсан цаг. Тухайн цаг үеийг ширэн нүүртэй хэдэн улс төрчид “бидний гавьяагаар эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу орсон” гээд “хэвлүүхэн” өмчилдөг л юм. Түүхийн эдийн мөчлөг манайд таарсан тэр цаг үетэй Хөгжлийн банкны үүссэн цаг үе давхацдаг нь хувь заяаны шоглоом гэлтэй.

Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-ны өдөр хуралдав. Уг хурлаар Монгол Улсын Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэсэн юм. Бүтэн жил гаруйн хугацаанд элдэв судалгаа, манай танай гэж явсаар 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр УИХ-аас Хөгжлийн банкы тухай хууль баталж, Хөгжлийн гэх шошготой банк байгуулагдах эрх зүйн үндэс бүрджээ. Эрх зүйн үндэстэй болсноос хойш яг гурван сарын дараа 2011 оны тавдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор байгуулагдсан юм.

Бүтэц бүрэлдэхүүнийг нь баталдаг юм байж. Гэхдээ чухам яг яадаг банк вэ гэдэг нь тодорхой болсонгүй. Дүрэм нь тодорхойгүй зүйл дээр ашиг хонжоо хайгчид орох нь ойлгомжтой. Жижиг, дунд бизнесээ хөгжүүл ээ гээд босгосон агентлаг дээр жижиг биш, дунд ч биш асар том нөхдүүд ороод зайдалчихдаг хойно “Хөгжлийн” гэх гоё шошготой бэлэн хоолноос юу гэж дутахав. Нэгэнт дүрэм нь тодорхойгүй, дүрс нь мэдэгдэхгүй энэ газар 2012 оноос эхлэн бонд арилжаалах болсон юм. Та бүхэн санаж байгаа бол 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын баталгаатай 580 сая ам.долларын үнийн дүнтэй бондыг анх удаагаа олон улсын зах зээлд нээлттэй хэлбэрээр таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй арилжаалсан юм.

 

ЦАЦАЖ ЭХЭЛСЭН ҮЕ

 

Мөнгө олсон айл ямар байдаг вэ, Хөгжлийн банк үндсэндээ ийм л байдалтай болсон. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ихэнхдээ төсвийн урсгал зардлаар шийдэж болох төслүүдэд Хөгжлийн банк хошуугаа дүрэх болов. Уншигч та санаж байгаа бол энд тэндхийн замын уулзвар болгонд Хөгжлийн банкны санхүүжилтээр Гудамж төслөөр гэсэн агуулгатай шон харж л байсан байх. Зам тэгэхээр хөгжил болж таарах нь. Элдэв долоон гоё нэртэй газруудад зээл өгсөн мэт харагдавч цаанаа банк бустай, бүр эсвэл том компанитай нөхдүүдийн төслийг л тэтгэх арилжааны шинжтэй төслүүдэд хөрөнгө оруулчихсан байх нь тэр.

Хөгжил нь хаана байна, мөнгө нь хаана байна гэх бодол мөнгө цацаж байсан тухайн үед хэнд нь ч төрөөгүй нь ойлгомжтой. Ямар сайндаа тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр дээрээс “Та нар арилжааны банк биш. Банк гээд ойлгочихсон хэдэн нөхдүүдэд байна” гэж хэлээд загнаад сууж байхав. Нэгэнт дүрэмгүй учраас бондоос босгосон гаднын мөнгийг ялсан намын хишиг болгож танилууддаа цацаж байснаас одоогийн их маргааны үндсийг дагуулжээ.

Хөгжлийн банк уг нь их романтик мөрөөдлөөр бий болсон. Гэхдээ прагматик болж чадаагүй нь бодлого тодорхойлдог, ширэн нүүртэй нөгөө хэдий буруу. Хөгжлийн банк үүсэн бий болсон цагаасаа нийт 2113 төсөлд хөрөнгө оруулжээ. Хөгжил хаана байна вэ.

 

ЦАЙРЧ ЭХЭЛСЭН ҮЕ

 

Манайх, танайх, чинийх, минийх байсаар Ардын намын засаглаж буй 2020-иод онтой золгох нь тэр. Ялсан намын хишиг хүртээх дамжлага бааз байсан Хөгжлийн банкны бодит байдал 2021 онд ил болов. Ардын хувьсгалын тэгш ойн жил ийнхүү гоё шошготой банкны нөхцөл чухам ямар байгааг Сангийн сайд нь ил болгосн юм.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “”Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан.Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Хөгжлийн банкийг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ” гэж байв. Энэ бол өнгөрсөн жилийн үйл явдал. Тухайн үеийн тооцооллоор чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөг байж.

Ялсан намын хишиг тараах дамжлага бааз байсан Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. Талаас илүү нь нэг ёсондоо цайрах байдлаар шилээ маажаад хэдэн төгрөг авах гэсэн хүсэлтэй байж. Дамжлага бааз байсан учраас, зээлсэн хэдээ олох өөр арга байгааүй учраас 2014-2019 онд зээл аваад төлөөгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Чанаргүй зээлдэгчид дунд барилга, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой зээлдэгчид жин дарна. Түүгээр ч зогсохгүй хуурай үүний үйлдвэр, экспортын наамал дүнзний үйлдвэр, арьс ширний үйлдвэр, дуслын шингэний үйлдвэр, мас боловсруулах төв зэрэг романтик нэртэй олон төсөл байна. Гэвч эдгээр үйлдвэрийн дүрс нь бүү хэл үнэр нь ч алга, одоо бүр төлөх мөнгөгүй тул шүүхээр шийдүүлээд явж байхав дээ.

 

ОДОО ЯАХ ВЭ…

 

Хөгжлийн гэх гоё шошготой банк байгуулагдаад 12 жил улирчээ. Энэ хугацаанд хөгжих нь бүү хэл хөгжүүлнэ гэж олгосон зээлийн мөнгөө авч чадахгүйд хүрээд байна. Уншигч та анзаарсан бол Сангийн сайдын үгнээс “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэдгийг анзаарсан байх. Цагаан сарын өмнөхөн Хөгжлийн банкны дуулиан дэгдэхэд тус банкны удирдлагууд “Засаг л төлдөг байх даа” гээд шилээ маажиж байсан нь хуучраагүй байна.

Үндсэндээ Засгийн газрын хэрэгжүүлсэн төслүүд дээр хөрөнгө оруулсан учраас зээл төлөгдөх боломжгүйд хүрвэл Засаг л төлж таараа. Гэхдээ ихэнх нь бизнесийн шинж чанартай зээл байсан учраас Засаг руугаа арай ч бухчихгүй байх гэж найдъя.

Зээлсэн хэдээ дээгүүрээ эвтэйхэн хуваарилсан учраас өрийг өрөөр дарахын тулд нэг субъект хэрэгтэй болсон. Тэр нь Хөгжлийн банк байлаа. Тухайн үедээ Дэлхийн банкнаас ч, Азийн хөгжлийн банкнаас ч Монгол Улсын Хөгжлийн банк гэдгээ ойлгуул, тайлбарла гэж байсан ч ойлгуулахгүй байсаар өнөөдөр байдал ийм дээрээ тулжээ. Зээл авагсдын ихэнх нь УИХ-ын гишүүд, нам дагасан нөхдийн хамаарал бүхий байсныг хэн ч үгүйсгэж боломгүйгээр цагаан дээр хараар тэмдэглэсэн байгаа. Болохгүй болоод ирэхээр нь дампууруулаад орхидог жишиг Хөгжлийн банкан дээр байж таарахгүй. Авсан бол төлдөг зарчим энд үйлчлэх ёстой. Хөгжил гэдэг бол нам дагасан нөхдийн хөлжихийн нэр биш.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version