Дэлхий
Хятадад газрын ховор элементийн хомсдол нүүрлэжээ
Хятад улсад газрын ховор элементийн хомсдол нүүрлээд байна. Энэ нь Мьянмарын нийлүүлэлттэй холбоотой асуудал, газрын ховор элемент ашигладаг цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буйтай холбоотой гэж “Global Times” сонинд мэдээлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар, Хятадын зах зээл дээрх энэ төрлийн түүхий эдийн үнэ 14 хувиар өссөн байна. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ны хооронд үргэлжилсэн Цагаан сарын баярын дараа дотоодын компаниуд газрын ховор элементийн олборлолтыг эрчимтэй сэргээж, баярын өмнөх хэмжээнд хүргэжээ. Гэсэн хэдий ч аж үйлдвэрийн хөдөлгүүр, уламжлалт бус эрчим хүч хэрэглэдэг машин үйлдвэрлэгчдийн эрэлт байнга өсөж байгаа аж.
Албан ёсны статистикаас үзвэл, Хятад улсад 2021 онд цахилгаан автомашины борлуулалт 181 хувиар өсөж, 3.3 саяд хүрчээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрийн тэргүүлэгч хэд хэдэн компани нийлж, Хятадын газрын ховор элементийн корпорац байгуулжээ. Тус нэгтгэл нь өндөр технологийн салбарт түүхий эд нийлүүлэх, улсынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Корпорацын хувьцааны 31 хувийг Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хороо эзэмшдэг байна.