Улс төр

“Эрдэнэт”-д шахаа хийдэг улстөрчдийн компанийг ил болгоё

Нийтэлсэн

Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн нэрс гарч түүний ард байдаг улс төрчдийн нэрс ил болж эхлэв.

Авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан, авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийж буй компаниуд хариуцлагагүй зээлдэгчдийн дунд хохирч мэдэх нөхцөл бүрдэж байгаа юм. ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан компаниуд УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий байсан нь ил болсон бол энэ удаа Хөгжлийн банкны зээлдэгч нар дотор улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн нэрс байгаа нь олон хүний жихүүдсийг төрүүлэв.

ЖДҮХС, Хөгжлийн банкнаас хавь илүү саалийн үнээ бол Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр. Одоо Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж ирсэн улстөрчдийг ил болгож хариуцлага нэхэх шаардлагатай байна. Бэлгэвч, бээлийнээс эхлээд шахахгүй зүйл Эрдэнэт үйлдвэрт үгүй. Тендер зарласан нэртэй ёстой холиог нь хутгаж, хосыг нь шувтарч олон ч жил амин зуулгаа залгуулсан улстөрчид Төрийн ордон, яам тамгын газруудаар дүүрэн бий. Тэднийг ил болгож Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр гэдэг их саваа нэг цэвэрлэж авья.

Эрдэнэт үйлдвэрт шахаа хийснээ ил тод нуулгүй хэлсэн нь Ц.Нямдорж. Тэрбээр өөрийн хүүгийн компанийг тендерт ороход нь эцэг хүний хувиар утас цохьсон хэмээн нуулгүй өчиж байв. Харин түүнээс өөр Эрдэнэтэд шахаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүн одоогоор байдаггүй. Бодвол яс нь хавталзан нуугдсаар байгаа биз. АН, МАН-гүй эрх барьж байх үедээ бүгд шахаа хийж ирсэн тус компаниудыг одоо нээлттэйгээр зарлах хэрэгтэй. Хэдий болтол үнэнээс нуугдаж, хэдий болтол улстөрчдийн хэтэвчийг “түнтийлгэх” арга хэрэгсэл байсаар байх вэ.

Улс төрийн намууд сонгуульд ялсны дараа хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн даргыг сольдог явдал нь тэдэнд ямар чухал болохыг харж болох юм. Хөгжлийн банкны шинэхэн захирал зориг гарган зээлдэгч нарын нэрсийг ил болгосон шиг Эрдэнэт үйлдвэрийн захирал Хоохорын Бадамсүрэн одоо нэг тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй тендерт ялсан компаниудаа ил болгомоор юм.

Өдгөө нас сүүдэр 66 хүрсэн хүн хэн нэгнээс айж эмээнэ гэж юу байхав. Алдаад байх албан тушаал байх биш ард түмнийхээ төлөө ганц удаа зоригтой алхам хийх хэрэгтэй байна. Компаниудын нэрс ил болчихсон байхад сэтгүүлчид хэний хамаарал бүхий компани вэ гэдгийг хайгаад олчихно.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг бүлэглэл бий хэмээн мэдэгдэж байсан удаатай. Өмнө нь одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар удирдуулсан ажлын хэсэг гарч тус үйлдвэрийг шалгаж эхэлсэн байдаг. Шалгалт явж байна гэх мэдээлэл явсаар байсан ч үр дүн хэрхэн гарсныг одоо болтол хэн ч яриагүй юм. Намынх нь гишүүд бөөнөөрөө гарч ирсэн үү, шалгалтын дүнг танилцуулахгүй байхаар шийдсэн үү ямартай ч тийм нэг ажлын хэсэг усанд хаясан чулуу шиг алга болсноор удаж байгаа.

Монгол Улсын Ерөнхийгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2019 оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байлаа. Үүнийгээ нэг удаа дахин сунгасан санагдана.

Энэ хооронд тендергүйгээр бараа бүтээгдэхүүн худалдан авахаас эхлээд олон зүйл асуудал дагуулж байна гэдгийг тухайн үед хэвлэлүүд шүүмжилж байсан нь хэн гэдэг улстөрчийн ямар компани шахаа хийсэн бэ гэдгийг улам нууцлах боломжийг олгож байна хэмээн шүүмжилж байлаа. Эрх баригч нам авлига, албан тушаалын хэрэгтэй эцсээ хүртэл тэмцэхээ зарласан. Тэгвэл одоо ам ажлын зөрүү гарах уу, үгүй юу гэдгээ харуулахын тулд өндөр мөнгөн дүнтэй худалдан авалт, тендер шалгаруулалтуудыг одоо ил болгохоос өөр гарц үлдээгүй шүү.

Э.ТЭНҮҮН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version