Нийгэм

Хүнсний аюултай байдал хүний аминд хүрэх вий!

Нийтэлсэн

Муу ёрлож байгаа юм биш шүү. Гэхдээ л хүнсний аюултай байдал хүний аминд хүрэх вий гэсэн болгоомж сэрэмжийг сануулахад гэмгүй. Учир нь хэдхэн хоногийн өмнө “Аарц буцалгаж уугаад амиа алдах шахсан” гурван хүн  Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчилгээ хийлгүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна.

Тодруулбал, 8-77 насны нэг гэр бүлийн гурван хүн худалдааны төвөөс аарц худалдан авч, буцалгаж уусны дараа гүн хордлогод орсон байна. Улмаар тэднийг яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хордлогын эмчилгээ хийсэн аж. Энэхүү мэдээллийн мөрөөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, хэргийн газраас мөнгөн устай гэгдэх аарц, элсэн чихэр зэргийг хураан авч, шинжилгээнд явуулжээ. Мөн аарцны гарал үүслийг тогтоож, тухайн бодис хэрхэн хүнсний зүйлд орсныг нарийвчлан шалгаж байгаа аж.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар мөнгөн ус нь хүнсний зүйлээр дамжин хоол боловсруулах замд нэвтэрснээр амны хөндийн салст, улаан хоолой, ходоод, гэдсийг түлж, үрэвсүүлдэг. Ингэж хордсон бол огиулж бөөлжих, дотор муухайран аманд зэв төмөр амтагдаж, түлэгдсэн газрууд хүрэн улаан өнгөтэй болдог гэнэ. Улмаар мөнгөн ус дамжсан газар бүрд хөндүүрлэн хорсох мэт өвдөж, цустай бөөлжих, гүйлгэх байдлаар даамжирдаг байна. Яаралтай эрчимт болон саармагжуулах эмчилгээ хийхгүй бол хүндэрч бөөрний дутагдал, цус багадалт, гүн хордлогод орох өндөр эрсдэлтэй аж.

Иймд иргэд задгай зах, талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн бичгийг шалгах, чанар, аюулгүй байдлыг харгалзан үзэж, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсаар байна.

 

ТА, БИДНИЙ ХЭРЭГЛЭЖ БУЙ ХҮНС БАТАЛГААТАЙ ЮУ

 

Баталгаатай, найдвартай хүнс ганцхан манай улсад тулгамдаад буй асуудал биш юм. Судалгаагаар  дэлхийн хүн амын 600 орчим сая буюу бараг 10 хүн тутмын нэг нь хоол хүнснээс шалтгаалах халдварт өвчин туссан байдаг аж. Түүгээр зогсохгүй  жил бүр 420 мянга орчим хүн хоол хүнснээс шалтгаалан нас бардаг гэх судалгаа ч бий. Хамгийн харамсалтай нь нас барагсдын 40 хувь нь таваас доош насны хүүхдүүд гэсэн судалгааг ДЭМБ гаргажээ. Дээрх аюул занал та, бидний дэргэд ч байна. Баримт түшье.

Манай орны статистик мэдээг сүүлийн 10 жилээр авч үзвэл дунджаар хоолны хордлогот халдварын 441 тохиолдол бүртгэгджээ. Хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлтийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг ч судлаачид онцолж байна.

Тодруулбал, 2015 онд найм, 2019 онд 19 удаагийн дэгдэлт бүртгэгдэж байсан бол 2020 оны оны байдлаар 11 удаагийн халдаврт өвчний  дэгдэлт бүртгэгдсэн байна. Сүүлийн 10 жилийн байдлаар бүртгэгдсэн бактерийн гаралтай бусад хоолны хордлогот халдварыг авч харьцуулахад 2012, 2019 онуудад хамгийн их тохиолдол бүртгэгдсэн дүн мэдээ байна. Монгол Улсын хувьд мал аж ахуйн орон гэдэг утгаараа энэ салбарын эрүүл, аюулгүй байдал хамгийн чухал.

Харамсалтай нь сүүлийн нэг жилийн хугацаанд малын гоц халдварт өвчин гаарах нь тэр. Мал амьтны өсөлтийг түргэтгэх, ашиг шимийг дээшлүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, тэжээлийг нь удаан хадгалахын тулд янз бүрийн нэмэлт тэжээл, эмийн ба химийн бэлдмэл, аминхүчил, эрдэс бодис, фермент, антибиотик, сэргээш, бактерийн эсрэг нэгдлүүд, антиоксидантууд, үнэр оруулагч, будагч зэргийг өргөн хэрэглэх болжээ. Дээрх бүхэн нь манай улсад хүнсний аюулгүй байдал хүндхэн хэмжээнд байгааг илтгэх.

Та боддоо, 2013 онд мал аж ахуйд хэрэглэсэн нянгийн эсрэг бодисын хэрэглээ 131 мянга 109 тонн байсан бол 2030 он гэхэд 200 мянга 235 тоннд хүрэх төлөвтэй байгаа судалгаа ч байна. Иймээс хүнсний аюулгүй байдлын тал дээр төрөөс бодлогын хэмжээнд анхаарч, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах чиглэлд дорвитой ажиллахыг сануулъя.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version