Яам

“Тэрбум мод” | Жимс жимсгэнэ, эмийн ургамал тариалахыг дэмжихийг хүслээ

Нийтэлсэн

Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, ХААИС-ийн судлаачдын төлөөлөл өнгөрөгч баасан гарагт /2022.02.11/ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор агро ойжуулалт хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Мөн судлаач, мэргэжлийн холбоодын төлөөлөл Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах, Ойн агентлаг байгуулах асуудлаар байр сууриа илэрхийлэв.

ХААИС-ийн судлаачид Монгол орны нийт газар нутгийн 78 орчим хувь нь цөлжилтөд өртсөн. Үүний гол шалтгаан нь малын тэжээлийн 90 гаруй хувийг бэлчээрээс авч байгаатай холбон хэлж байлаа. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ойн зурвас байгуулж, тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын 30-40 хувьд олон төрлийн эмийн ургамал, жимс жимсгэний бут сөөг тариалах зэргээр эдийн засгийн үр ашиг хүртэж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой, зөв шийдлийг бодлогоор дэмжих хэрэгтэйг хэлсэн юм.

Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал уулзалтын үеэр байгаль хамгааллын урамшууллын хөшүүргийг бий болгож, хууль эрх зүйн орчинд тусгаж өгөхийг хүсэв. Түүнчлэн орон нутагт газар олголттой холбоотой тодорхой журам, зохицуулалтыг ойлгомжтой болгож мод, бут сөөг тарих боломжийг иргэн бүрд бий болгох, жимс, жимсгэний нэр төрөл, сорт зэргийг олшруулах, үндэсний сорт бий болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал, хүсэлтээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд бичгээр уламжилж, гардууллаа. ХААИС-ийн судлаачдын төлөөлөл уулзалтын үеэр байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарыг зэрэгцэн хөгжүүлж үйлдвэрлэлтэй холбох бодлогын дэмжлэг үгүйлэгдэж байгааг онцлоод, бодлогын залгамж, шинж чанар алдагдах нь эргээд олон улсын түвшинд түнш байгууллагууд үргэх гол шалтгаан болж буйг хэлэв.

Мөн төсөл хөтөлбөр хэрэгжих явцад байршил давхцах асуудлууд тулгарч байна. Иймээс бусад яам болон төрийн чиг үүргийн байгууллагуудтай уялдаа холбоогоо нягт уялдуулан бодлогоор зангидаж ажиллахыг хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг эрчимжүүлэн бусад яамд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид болон үйлдвэрлэл эрхлэгчдийн саналыг өргөн хүрээтэй тусгаж ажиллахаа илэрхийлэв.

Мөн агро ойн аж ахуйг байгуулан хөгжүүлэх бодлогыг Ойн тухай хуульд тодорхой тусган Ойн агентлаг байгуулах ажлын явцыг эрчимжүүлнэ гээд, жимс жимсгэнийн бут, сөөг тариалах үржүүлгийн газар, агро-ойн аж ахуй байгуулахад газар олгох, усан хангамж, ус ашиглалтыг зохицуулах, үржүүлсэн суулгацыг дотоодын худалдан авалтад хамруулах зэрэг асуудлыг тусгасан санал хүсэлтийг хүлээн авч БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаад өгч, анхаарч ажиллахыг санууллаа.

Exit mobile version