Эдийн засаг

300 хүүхдийн нэр дээрх оффшор компаниудыг ил болгоно

Нийтэлсэн

Нам гүмхэн Люксембургийн вант улс Арабын шейхүүд, дэлхийн тэрбумтнууд, олон улсын корпорациуд, тамирчид, гэмт хэрэгтнүүдийн хувьд мөнгөө татвараас нуудаг асар том оффшор бүс болон хувираад байгаа билээ. Европын холбооны  төвд оршдог, дэлхийн таван гол оффшор бүсийн нэгд тооцогдож буй өчүүхэн жижиг гүнт улсын нууц агуулахад юу хадгалагдаж байна вэ гэдэг өнөөг хүртэл хүн бүрийн анхаарлыг татсаар байгаа билээ.

Францын “Le Monde” сонины сэтгүүлчид хэвлэл мэдээллийн 16 байгууллагатай хамтран жил гаруйн турш явуулсан “OpenLux” гэдэг нэртэй эрэн сурвалжлах ажиллагааны явцад вант улсад 6.5 их наяд еврогийн актив бүхий 55 мянган оффшор компани бүртгэлтэй байдаг талаар өнгөрсөн жил ил болгосон. 

Оффис ч үгүй, ажилтнууд ч үгүй эдгээр хий үзэгдлийн компанийг тэрбумтнууд, олон улсын корпорациуд, тамирчид, жүжигчид, улс төрийн дээд зиндааныхан, хаадын гэр бүлийнхэн байгуулжээ.

2586 ам.дөр.км газар нутагтай Люксембург улс сүүлийн үед дэлхийн баялгийг соронзон мэт татсаар байгаа билээ. Уг вант улсад бүртгэлтэй оффшор компаниудын нэлээд хувийг хүүхдүүд эзэмшдэг нь ил болоод байгаа юм. Говь нутагт нүүрсний томоохон компанийг эзэмшдэг нэг настай монгол хүүхэд, Туркменистан болон Хятад улстай байгуулсан гэрээнээс ашиг олдог 11 настай азербайжан хүү, Канад, Калифорнийн тэтгэврийн системд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртдэг орос өсвөр насны охин гэх мэт хэргийг “OpenLux” төслийнхөн онцолжээ.

Энэ мэтчилэн 2020 оны байдлаар Люксембургийн оффшор бүсэд 300 орчим хүүхэд томоохон компаниудын хувьцааг эзэмшиж, хяналтдаа байлгаж байгаа аж.  Түүнчлэн тэдний дунд эцэг эх нь олигархи, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно холбоотой хүүхдүүд ч багтаж байна. Люксембург 2019 онд анх удаагаа оффшор бүсэд нь бүртгэлтэй  ашиг хүртэгчид буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч болон компаниудын нэрийг нийтэлсэн.

ЯАГААД ХҮҮХДҮҮД ОЛОН САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ БҮХИЙ  КОМПАНИУДЫГ ЭЗЭМШИЖ БАЙНА ВЭ

 

Гэр бүлийн бизнес эрхэлдэг хүмүүс урт хугацааны өв залгамжлалын төлөвлөгөөний нэг хэсэг болгон хүүхдүүддээ хувьцаагаа өвлүүлсэн байж болно гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.

Ил тод байдлын төлөө тэмцэгч Роман Борисович  “Нэг настай монгол хүүхдийн эзэмшиж буй хөрөнгө зургаан сартай хүүхэд эсвэл Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн эзэмшилд ч байж болно. Гэхдээ энэ нь бэлэн мөнгө биш хөрөнгө байгаа тохиолдолд хэн ч шалгахгүй” хэмээжээ. 

Люксембург 2021 оны хоёрдугаар сард нийтэлсэн “OpenLux”-ийн мөрдөн байцаалтын үр дүнг үгүйсгэж,  дутагдалтай мэдээлэл гэсэн.

Тэгвэл Люксембургийн Хууль зүйн яамнаас саяхан оффшор бүсэд  компанийн өмчлөгчөөр бүртгэгдсэн насанд хүрээгүй бүх хүүхдүүдэд аудит хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үр дүнг энэ оны сүүлээр нийтлэх болно гэжээ.  Гэхдээ бусад олон оронд насанд хүрээгүй хүмүүс компани эзэмшихийг зөвшөөрдөг бөгөөд насанд хүрэгчдийн нэгэн адил хяналт тавьдаг байна. Люксембургийн Бүртгэлийн газрын дарга Ив Гоннер “Reporter.lu”-д өгсөн ярилцлагадаа “Хүүхдэд зориулсан дүрэм журам нь насанд хүрсэн хүмүүсийнхтэй адил байдаг. Тиймээс журмын дагуу хяналт, шалгалт хийнэ” хэмээжээ.

“Transparency International” байгууллагын хууль бус санхүүгийн урсгалын шинжээч Майра Мартини “Энэ бол том асуудал. Тэд ямар ч шалгалттай тулгардаггүй. “OpenLux” нь сэрээх дуудлага болж өглөө” хэмээсэн байна.  “Moneyland: Why Thieves and Crooks Now Rule the World and How to Take it Back” номын зохиолч Оливер Буллоу “Компани хувийн нууцыг хамгаалах ёстой гэсэн үзэл баримтлал бол тэнэглэл. Энэ нь компанийн эдийн засагт хөрөнгө оруулалт хийх, өсгөх зорилгыг буруугаар ашиглахад хүргэж байна.

Хэрэв нэг настай хүүхэд шүүх дээр очоод компани нь яагаад хувийн нууцыг хадгалах эрхтэйг тайлбарлаж чадвал би үүнийг хүлээн зөвшөөрөх болно” гэжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл буюу OCCRP 2019 оноос эхлэн “OpenLux” төслийн хүрээнд нээлттэй мэдээллийн өгөгдлийн санг түшиглэн Люксенбург улсад бүртгэлтэй компаниудын эцсийн өмчлөгчдийн 3.3 сая гаруй датаг цуглуулж, мэдээллийг олон нийтэд цувралаар танилцуулж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version