Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Шатахууны нөөц байгаа ч үнэ дахин өсөх хандлагатай байна

Нийтэлсэн

-АИ-92 шатахууныг 2428 төгрөгөөр импортолжээ-

Шатахуун импортлогч компаниуд удаан хугацаанд алдагдал хүлээсэн учир өнгөрсөн оны долоодугаар сард үнээ нэмэхээ мэдэгдсэн. Улмаар 2021 оны долоодугаар сарын 02-ны өдөр шатахуун литр тутамдаа 300 хүртэлх төгрөгөөр нэмэгдэж 1740 төгрөг болсон. Харин өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 14-нд АИ-92 шатахуун литр нь 2290 төгрөг болжээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, шатахууны үнийг дагаж өсдөг жишиг хэдийн тогтсон. Өнгөрсөн оны долоодугаар сард хоёр удаа шатахууны үнийг нэмснээр нийтдээ 600 төгрөгөөр өссөн байдаг. Үүнийг дагаад талх, боорцог, сүү, ундаа, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнэ дор хаяж 300 төгрөгөөр өсөж байлаа. Харин энэ сарын 10-ны өдөр шатахууны үнэ литр тутамдаа 20-50 төгрөгөөр өссөн мэдээ бий.

Учир нь сүүлийн хэд хоногт дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэг баррель нь 95 ам.доллараар өссөн. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэртэй орнууд эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн болохоор манай улсад ч нэмэгдсэн үнээр орж ирэх нь тодорхой хэмээн албаныхан тайлбарлаж байна. Мөн үнийн зөвлөлийн хурлаар өнгөрөгч оны арваннэгдүгээр сард төр шатахууны үнэ тогтоон барихгүй, оролцохгүй байхаар шийдвэрлэсэн.

Харин импортлогч аж ахуйн нэгжүүд  зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч жижиглэнгийн үнийг сүүлийн зургаан сарын дундаж үнээр тооцон тогтоож байхаар болсон юм. Шатахууны үнийн өсөлт иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлсэн энэ үед үнэ чөлөөлөх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зөв эсэх, мөн яамнаас ямар оролцоотой байдаг талаар тодруулга авахаар холбогдлоо.

Хамгийн түрүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд О.Батнайрамдалын байр суурийг сонслоо. Тэрбээр “Яам бодлого гаргах чиг үүрэгтэй. Ер нь хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газартай ижил чиг үүргийн дагуу ажилладаг. Тиймээс мэдээллийг АМГТГ-аас ав” хэмээсэн юм.

 

Нэгэнт Засгийн газрын тогтоолоор шатахууны үнийг хүчээр барьж болохгүй болсон.  Өдгөө гагцхүү яригдах хамгийн чухал зүйл нь шатахууны хомсдол үүсэхээргүй хангалттай хэмжээний нөөцтэй байх нь чухал болохыг албаныхан онцолж байв. Иймээс шатахууны үлдэгдэл нөөцийн талаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Д.Даваабаяраас тодрууллаа.


 

-Шатахууны нөөц хамгийн сүүлийн мэдээгээр хэр хэмжээтэй үлдсэн байна вэ?

-Газрын тосны бүтээгдэхүүн, шатахуун импортлогч компаниудаас долоо хоног тутам мэдээ авч үлдэгдэл нөөцийн тооцоо, судалгааг гаргадаг. Хамгийн сүүлд авсан мэдээллээр буюу хоёрдугаар сарын 07-10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 155,600 гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл нөөцтэй байна. Энэ тоог хоногийн хэмжээнд шилжүүлбэл дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн нөөц болно. Ердийн хэрэглээ гэдэг нь хүмүүс өдөр тутамдаа шатахуун авч хэрэглэх хэмжээг хэлнэ. Үүнээс А-80 шатахуун 59 хоног, АИ-92 33 хоног, түлш 37 хоног, ТС-1 онгоцны түлш дөрөв хоногийн нөөцтэй байна.

-Жилийн аль ч үед шатахууны нөөц дунджаар 30, 40, 50 гэх мэт хоногийнх байдаг уу?

-Ерөнхийдөө тогтмол иймэрхүү нөөцтэй байдаг. Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд компанийн нөөц бүрдүүлэх гэсэн үүрэг хүлээдэг. Тиймээс эдгээр 28, компани Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу үүргээ биелүүлэн зохих журмын дагуу нөөцөө бүрдүүлдэг.

Харин үүнд манай байгууллага хяналт тавьж, тайлан тооцоо гаргаж, мэдээг нь цаг тухай бүрд нь авч ажилладаг. Жишээлбэл, хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар АИ-92 шатахуун 39 мянган тонн, А-95 шатахуунтай нийлээд 43 мянган тоннын нөөцтэй байна. Өнгөрсөн хоёр жилийн турш Монгол Улсын хэмжээнд сард хэчнээн тонн АИ-92 шатахуун хэрэглэснийг тооцвол дунджаар 30 мянган тонныг хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр энэ нөөц бол сарын хэрэглээндээ таарсан нөөц гэсэн үг юм.

-Шатахуун хадгалах савны хэмжээний мэдээлэл бий юу. Хэр зэрэг багтаамжтай байдаг вэ?

-Улсын хэмжээнд 106 агуулах бий. Мөн 1444 шатахуун түгээх станц хэрэглэгчдэд үйлчилж байна. Нийт шатахуун түгээх станцын багтаамж 144 мянга 791 м.куб шатахуун хадгалах багтаамжтай. Нэгдүгээр сард 169 мянган тонн шатахуун импортоор орж ирсэн. Нөөцийн савнаас шатахуун түгээх станцууд руу гаргана, араас нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүнээ хийнэ. Үргэлжлүүлээд хадгалсан шатахуунаа түгээгүүр рүү зөөнө гэх мэт дарааллаар ажиллана. Хоёрдугаар сарын 1-10-ны хооронд хилээр 46 мянган тонн шатахуун орж ирсэн. Үүний дийлэнх нь буюу 43 мянган тонн нь АИ-92 шатахуун, түлш байна.

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом нэмэгдсээр байна. Үнэ чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж буй ч Уул уурхайн яам, Ашигт малтмал газрын тосны газраас үнийн өсөлтөд нөлөөлөх чиг үүрэг бий юу?

-Манай улс үйлдвэрлэгч бус, импортлогч орон учир түүхий эдийн үнэ нэмэгдэхэд нийлүүлэгч орон эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ. Зохицуулалт хийх ямар ч боломжгүй. Учир нь зах зээлийн эдийн засагт шилжээд хэдийн 30 жил өнгөрсөн. Тиймээс үнийг хөнгөлөх, компаниудад шаардлага тавих эрх байхгүй.

-Шатахуун хадгалах нөөцийн саваа томсгох боломж бий юу. Манайх шиг боловсруулах үйлдвэргүй хэдий ч томхон нөөцийн савтай учир гэнэтийн нөхцөлд шатахуун тасалддаггүй орнууд бий шүү дээ?

-Нөөцөө нэмэгдүүлэхийн тулд мэдээж агуулах сав барьж, өргөтгөх нь зүйтэй. Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулиар аж ахуй эрхлэгчдийн хийх зүйл. Аж ахуй эрхлэгчид зах зээлийн нөхцөл байдал, өөрсдийн эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор хадгалах саваа өргөтгөж, шинээр барих зүйл бий. Харин улсаас гаргасан төсөв байхгүй учир төсвийн мөнгөөр агуулах нэмж барих, өргөтгөх гэсэн асуудал одоохондоо яригдахгүй байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж дуусах хүртэл газрын тосны үнэ хэр зэрэг нэмэгдэхийг хэн ч бодитой хэлж чадахгүй. Цаашид ч импортоор орж ирэх үнэ нэмэгдсээр байвал иргэдэд хүнд ачаа болно. Үүнтэй яаж тэмцэх вэ?

-Үүн дээр хяналт тавих боломж байхгүй. Харин үнийн өөрчлөлт бодитой юу гэдэгт тооцоо судалгаа хийж болно. Мөн мэдээж үнэтэй холбоотой зохицуулалтыг хийдэг агентлаг тусдаа бий. Шинэ үйлдвэр 2025 онд баригдаж дуустал газрын тосны үнэ байнга нэмэгдээд л байна гэж тооцож болохгүй. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг ажиглахад таван жил, заримдаа 10 жилийн мөчлөгтэйгөөр оргил цэгтээ хүрч нэмэгдээд буцаад буусан жишээ байдаг.

Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сард түүхий газрын тосны үнэ цар тахлаас үүдэн түүхэн доод хэмжээндээ унаж байсан. Энэ үнэ нь дэлхийн зах зээл дээр тодорхой хүчин зүйлүүдийн улмаас хэлбэлзэж байдаг. Тиймээс цаашид ямар нэг шалтгаанаар газрын тосны үнэ буурах ч боломжтой.

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шатахуун импортлогч 28 компани танайд нөөцөө мэдээлэхээс гадна үнээ нэмэх болсноо урьдчилж мэдэгддэг үү?

-Зах зээлтэйгээ уялдуулаад үнээ нэмэхээ өөрсдөө мэддэг бөгөөд манайд урьдчилж мэдээлдэггүй. Манай байгууллагад эдгээр компанийн үнээс илүү нөөц, хангамжийн тогтвортой байдал зэрэг нь хамаатай учир үүн дээр нь анхаардаг.

Жишээ авахад, өнгөрсөн жилийн аравдугаар сард гадаад болон дотоод олон хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны нийлүүлэлт тасалдаж улсаараа дараалалд зогссон. Тухайн үед үнэ чухал биш, харин хангамж тогтвортой байх нь чухал юм байна гэдгийг нийтээрээ ойлгосон. ОХУ-ын Роснефть компанитай манай улсын шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд гэрээтэй. 2018 онд байгуулсан таван жилийн гэрээ бий бөгөөд гэрээний дагуу талууд үүргээ харилцан биелүүлж ажиллаж байгаа.

Хоёрдугаар сарын 01-10-ны өдрийн хооронд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд зэрэг боомтоор нийтдээ 46,144 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ. Мөн нэгдүгээр сард орж ирсэн хил үнэ буюу шатахууны импортийн үнийг төгрөгт шилжүүлбэл А-80 шатахуун 2102 төгрөг, АИ-92 шатахуун 2211 төгрөг, АИ-95 шатахуун 2491 төгрөг, АИ-98 шатахуун 2607 төгрөгийн ханштай байна. Харин шатахуун түгээх станцуудаар АИ-92 шатахуун 2290 төгрөг, АИ-95 шатахуун 2770 төгрөг, АИ-98 шатахуун 3500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

Газрын тосны нэг килограммын үнэ өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хойш 30-40 хувь өссөн байна. Улмаар энэ жилийн нэгдүгээр сард импортоор авсан шатахууны үнэ тонн тутамдаа 86 ам.доллараар нэмэгдсэн. Мөн 2021 онд нэг сая 560 мянга тонн шатахуун авсан байна. Энэ нь цар тахалтай холбоотойгоор бага зэрэг буурсан үзүүлэлт юм.

Харин одоо цар тахлын нөхцөл байдал харьцангуй багасч, дэлхийн эдийн засаг сэргэсэн учир манай улсынх ч мөн дагана. Энэ сэргэлт эрчимжих, автомашины тоо болон уул уурхайн үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр шатахууны эрэлт ихэснэ. Тиймээс энэ жилийн хэрэгцээ урьд жилээс 50 мянган тонноор нэмэгдэх болов уу гэсэн урьдчилсан хүлээлттэй байгааг АМГТГ-аас онцолж байлаа. Албаныхны мэдээллээс харахад цаашид ч шатахууны үнэ өсөх магадлал байна. Учир нь энэ сарын 01-10-ны хооронд импортоор шатахууны үнэ литр тутамдаа 100-300 төгрөгөөр нэмэгдэж орж иржээ. Эндээс үзэхэд тун удахгүй  шатахууны үнэ дахиад өсөх нь тодорхой аж.

Харин шатахуун худалдан авахаар дугаарлаж буй иргэд үнийн өсөлтийг 20, 30, 50 гэлтгүй их мөнгө шүү дээ хэмээн халаглаж байлаа. Шатахуун импортлогч компаниуд алдагдал их хүлээж байна гэх тайлбар өгөх боловч өнгөрсөн онд инфляцыг бууруулах зорилгоор Төв банк тэдэнд 300 тэрбум төгрөгийн зээл олгосон юм. Гэвч бодит байдал дээр үнэ өссөөр. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр. Иргэдийн нуруун дээрх ачаа хүндэрсээр байна.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн