Дэлхий

Зеленский: Хүн бүр Украины иргэн байх шалгалт өгч байна

Нийтэлсэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ард түмэндээ хандан, үг хэлжээ.

Тэрбээр эх орноо орхин гарсан эсвэл гарахыг төлөвлөж буй төрийн бүх албан хаагчдад хандан, 24 цагийн дотор эргэн ирэхийг уриалжээ. Түүний хэлснээр, ард түмэн төрийн албан хаагчдад улс орноо удирдах, хамгаалах үүргийг итгэн хүлээлгэсэн. “Ийм нөхцөл байдалд ард түмэнтэйгээ хамт байх нь та нарын үүрэг” гэж Зеленский онцолжээ.

Тэрбээр мөн Украинаас гарч явсан олигархуудад хандан, өнөөдөр хүн бүр Украины иргэн байх шалгалт өгч байна. Энэхүү шалгалтыг нэр хүндтэй давж гарахыг уриалж байна гэжээ. Зеленский “Та нарын хүч мөнгө, онгоцонд бус иргэний байр суурьт байдаг. Ард түмэн, эх орондоо иргэн ирэхийг уриалж байна. Тэдний ачаар та нар үйлдвэр, эд хөрөнгөтэй болсон” гэжээ.

Украины төрийн тэргүүн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж, эх орноосоо зугтсан эздийнхээ төлөө бус Украины төлөө ажиллахыг уриалсан байна.

Түүний хэлснээр, Украин болон түүний армиас тивийн аюулгүй байдал шалтгаалж байна. Киев энх тайванд тэмүүлж, бүхий л асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна гэв.

“Украиныг том дайнаар сүрдүүлж байна. Дайн эхлэх товыг хоёр ч удаа тогтоосон. Өнөөдөр Украин улс хэзээ хэзээнээс илүү хүчтэй байна. Донбасс ч тэр, Крым ч тэр Украинд эргэн ирнэ. Гэхдээ зөвхөн дипломат арга замаар. Бид бусдын зүйлд халддаггүй. Өөрийнхийгөө ч өгөхгүй” гэж Зеленский мэдэгджээ.

Түүний хэлснээр, Украин улс зэвсэгт хүчиндээ итгэдэг. “Бид нөхцөл байдлыг байнга ажиглаж байна. Бүхий л хувилбаруудыг боловсруулж байна. Болзошгүй түрэмгий үйлдэлд өгөх зохих хариуг нь бэлтгэж байна. Манай хил орчим гаднын арми байгааг, тэдний тоо, байршил, зэвсэглэл, төлөвлөгөөг тодорхой мэднэ. Үүнийг сөргүүлж тавих зүйл бидэнд бий. Бидэнд гайхалтай сайн арми бий” гэжээ.

Exit mobile version