Энтертайнмент

Америкийн солонгос од Ким Хлоя

Нийтэлсэн

Америкийн сноубордын тамирчин Ким Хлоя Бээжинд олимпын алтан медаль хүртэж, олон тооны шинэ рекорд амжилт тогтоолоо. Түүний олон нийтийн сүлжээ хэдэн зуун мянган дагагчтай, өөрөө олон сая долларын зар сурталчилгааны гэрээтэй.

АНУ-ын өвлийн олимпын баг уламжлал ёсоор зуны олимпын багаасаа сулхан. Нэтан Чен, Микаэл Шиффрин нар хэчнээн алдартай ч хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн оддын дэргэд хэн ч биш. Гэвч америкчууд од хэрэгтэй болбол “ургуулаад” гаргаад ирдэг ард түмэн. Хлоя Ким ч тэдний нэг юм.

Хлоя юуны өмнө жинхэнэ вундеркинд. Калифорнийн ууланд өссөн Ким охин 4 настайдаа сноуборд дээр зогсож, 6 настайдаа тэмцээнд оролцож, 13 насандаа АНУ-ын шигшээ багт дуудагдсан тамирчин. 14 нас хүрээгүй байсан болохоор л тэр 2014 оны Сочи олимпод оролцож чадаагүй. 13-тай байхдаа л Аспенд болсон Х Games тэмцээнд үзүүрлэж, 16 нас хүрээгүй байхдаа Х Games-д гурав түрүүлээд байв. Өсвөрийн олимпод оролцоод АНУ-д энэ төрлөөр анхны алтан медалийг нь авч өглөө. БНСУ-ын Пёнчаны олимпод түүний од болон гялалзах цаг ирсэн юм. Авьяас чадвараас гадна солонгос гаралтай түүнийг солонгосчууд халуун дулаан хүлээж авлаа. Түүний эцэг эх нь охиноо төрөхөөс өмнө АНУ-д ирсэн ч Солонгост маш олон хамаатан садан нь үлдсэн байлаа. Хамаатнууд нь түүний фэн клубыг байгуулж, ер нь Кимд дутах зүйл огт байсангүй. Мэдээж тэр Пёнчаны олимпод түрүүлсэн, энэ спортынхоо хамгийн залуу олимпын аварга болсон.

Ингээд түүний Холливудын түүх эхэлсэн юм. Кимийн гэрбүлд хөрөнгө мөнгө, зар сурталчилгааны гэрээ урсан орж ирж байв. Nike компани Кимтэй 13 настайд нь гэрээ байгуулж байсан бол Пёнчаны олимпын дараа Visa, Roxy, Monster компани нэмэгдэж, Азийн томчууд дугаарлан хүрч ирлээ. Samsung түүний тухай баримтат кино бүтээсэн бол Toyota шинэ загвараа тэр дор нь илгээнэ. Time сэтгүүлд бичсэнээр охины жилийн орлого 400 мянган ам.доллар, нийт хөрөнгө нь 6 сая долларт хүрчээ. Өвлийн спортын тамирчны хувьд том амжилт. Бээжингийн олимпын эмэгтэй тамирчдаас тэр хамгийн баянд тооцогдож байгаа. Пёнчаны олимп түүнд хөрөнгө мөнгөнөөс гадна алдар нэр авчирсан. Time сэтгүүлийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй чансаанд багтаж, Барби түүнд зориулан, хүүхэлдэй бүтээжээ. 2019 онд шоу, ТВ нэвтрүүлэгт оролцсоор байсан төдийгүй Серена Уильямс, Меган Рапино нарын алдартнуудтай хамт Nike-ийн сурталчилгаанд оролцов. 18-хан настай охин энэ их мөнгө, алдар хүндэд хөл алдах нь мэдээж. Ким ч мөн адил. Бээжингийн олимпын өмнө Ким Time сэтгүүлд ярилцлага өгөхдөө Пенчанаас АНУ-д буцаж ирээд олимпын алтан медалиа хогийн саванд хаясан гэдгээ ярьсан байдаг. Хэт их олны анхааралд байх нь төвөгтэй байснаас гадна ази гаралтай хэмээн адлагдаж байснаас сэтгэл нь дийлсэнгүй. Медалиа удалгүй хогийн савнаас гаргаж авсан ч харин сноубордоо хаяхаар шийджээ. Аав ээж нь эрс эсэргүүцэж байсан ч 2019 онд Престоны их сургуульд элслээ. Кимийн гэрбүл охиныхоо төлөө бүхнээ хаясан байлаа. Аав нь ажлаасаа гарч, охиныхоо продюсер болсон байсан тул их спортод эргүүлэн авчрахаар ятгаж байв. Азаар их сургууль охинд таалагдсангүй. Од тул олны анхааралд өртөж, ази гэдгээрээ бас дахин муулуулна. Удалгүй ковидийн цар тахал болж, их сургууль ч хаагдлаа. Ингээд Ким 2020 онд дахин сноуборд дээрээ гарсан байна. Тэр үед Хлоя “Одоо энэ өндөрлөгөөс харахад би залуу өөртөө бүх юм бүтэхгүй, хорон муу зүйлээр хорвоо дүүрсэн ч хэзээ нэгэн цагт сайн цаг ирнэ гэдгийг ойлгоорой гэж хэлмээр байна” гэж ярьж байлаа.

Энэ бүхнийг ойлгосны ачаар тэр Бээжинд олимпын хошой аварга болж чадсан юм. Сноубордын төрлийн анхны олимпын хошой аварга эмэгтэй тамирчин. Түүний өмнө олимпын 3 дахь алтан медаль, рекорд амжилтууд хүлээж байна. Мөнгө төгрөг ч байгаа нь ойлгомжтой. Ийнхүү Ким Хлоя АНУ-ын өвлийн олимпын анхны супер од болох ойртсоор байна.

Exit mobile version