Дэлхий
Ерөнхийлөгч агсны охины хууль бус аргаар олсон хөрөнгийг Францын тал Узбекистанд шилжүүлжээ
Узбекистаны ерөнхийлөгч агсан Ислам Каримовын охины хууль бус замаар олсон $10 саяыг Францын засгийн газар Ташкентын эрх баригчдад шилжүүлжээ.
Узбекистаны хууль зүйн яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд өгүүлснээр одоо тэд Швейцар, АНУ, Франц, ОХУ зэрэг хэд хэдэн орны эрх баригчидтай Гульнара Каримовагийн хууль бус аргаар олсон хөрөнгийг буцааж авах асуудлаар хамтран ажиллаж байгаа гэнэ.
2020 онд өөр $10 саяыг мөн Франц улсаас Узбекистанд шилжүүлж байжээ.
2020 онд Швейцар, Узбекистаны засгийн газрууд буцаасан бүх хөрөнгийг “зөвхөн Узбекистаны ард түмний тусын тулд зарцуулах тухай” гэрээг байгуулж байжээ.
Швейцарын эрх баригчид Каримовагийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой $864.5 саяын хууль бус хөрөнгийг 2012 онд царцаах арга хэмжээ авсан юм. Үүнээс $131 саяыг нь одоо Узбекистаны талд шилжүүлэхэд бэлэн болоод байна.
Ерөнхийлөгч агсан Каримовын охиныг Узбекистаны тал 2017 онд баривчилж хорьсон бөгөөд тэр үеэс хойш нийтдээ $1 тэрбум гаруй хууль бус хөрөнгийг нь хураахаар ажиллаж байгаа юм.
Узбекистаны бизнесийн олон салбарт нөлөөгөө тогтоосон Гульнара Каримова нэг үе эцгийнхээ залгамжлагч болохоор яригдаж байжээ. 2016 онд Ислам Каримов нас барсны дараа одоогийн ерөнхийлөгч Шавкат Мирзёев түүнийг залгамжилсан юм.
Эх сурвалж: Radio Free Europe