Энтертайнмент

Камила Валиева ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа

Нийтэлсэн

ОХУ-ын уран гулгагч 15 настай Камила Валиева өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд нэгдүгээр байрт шалгарлаа. Сэргээшийн асуудалтай холбогдсон ч Спортын арбитрын шүүх түүнийг Бээжингийн олимпын тэмцээнд өрсөлдөхийг зөвшөөрсөн юм.

Валиева хориотой бодис болох триметазидин яагаад түүний биеэс илэрсэн талаар анх удаа тайлбар өгсөн. Тэрээр энэ нь өвөөгийнх нь хэрэглэдэг зүрхний эм байсан гэж хариулжээ.

Богино үзүүлбэрийн төрөлд өчигдөр нийт 25 уран гулгагч оролцжээ. Валиева талбай дээр гарч ирээд гуравласан аксель хийхдээ алдсан ч хамгийн өндөр 82.16 оноо авсан юм. Тэрээр үзүүлбэрийнхээ дараа нулимсаа барьж дийлээгүй байна.

Нутаг нэгтэн Анна Щербакова 80.20 оноотойгоор хоёрдугаарт, Японы уран гулгагч Каори Сакамото 79.84 оноо авч гуравдугаарт орсон байна.

Маргааш буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр чөлөөт үзүүлбэрийн тэмцээн эхэлнэ. Хэрвээ Камила Валиева шагналт байрт шалгарч үлдвэл Олон улсын олимпын хороо шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдсэн.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version