Нийгэм
Охидыг эрхшээлдээ оруулан “Санхүү авна” гэх зар байршуулж хүчээр биеийг нь үнэлүүлжээ
Насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, иргэн Ө нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарладаг. Улмаар цахим орчинд зар байршуулан бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан гэмт этгээдүүдийг дайчлан баривчилжээ.
Гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 8922**** гэх утасны дугаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авсныг хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлов.