Дэлхий
Оросууд Украины хил орчмоос цэргээ татсан гэх шинж тэмдэг харагдахгүй байна гэв
Байлдааны сургуулилалтад оролцсон цэргийн бие бүрэлдэхүүний нэг хэсгээ Украины хил орчмоос татсан тухай, мөн барууны улс орнуудтай санал зөрөлдсөн явдлаа дипломат арга замаар шийдэх эрмэлзэлтэй байгаа талаар Оросын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн.
Гэвч НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “ОХУ цэргээ Украины хил орчмоос татсан гэх шинж тэмдэг харагдахгүй байна гэж лхагва гарагт болсон батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр хэлжээ. Мөн энэ тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.
Столтенберг “Москва асуудлыг дипломат арга замаар шийдэх эрмэлзэлтэй байгаа талаар сонссон. Гэхдээ газар дээрээ хурцадмал байдлыг бууруулсан гэх шинж тэмдэг харагдахгүй байна. Харин ч Орос цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байх шиг байна” гэж хэлжээ.
Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Нөхцөл байдлыг тодорхойлох НАТО-гийн системд тодорхой бэрхшээл байгаа байх. Энэ нь НАТО-гийн төлөөлөгчдөд нөхцөл байдлыг ухаалгаар зөв үнэлэх боломжийг олгохгүй байна” гэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Үнэнийг хэлэхэд оросууд цэргээ буцааж байна гэдгийг сонссон болохоос хараагүй. Бид ямар ч заналхийлэлд тайван хандаж байгаа гэдгийг би олонтаа хэлж байсан. Учир нь энэ бүхэн өчигдөр эхлээгүй. Олон жил үргэлжилж байна. Цэргүүд яваад өгвөл бүгд л харах болно. Зөвхөн тагнуул, цэргийнхэн гэлтгүй, бүгд харж байна” гэжээ.
Эх сурвалж: ВВС