Эдийн засаг

Монгол Улсын ДНБ 2021 онд 1.4 хувиар өсжээ

Нийтэлсэн

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр  1.4 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2022.02.17/ мэдээллээ.

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд оны үнээр 43 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 их наяд төгрөг буюу 14.9 хувь,  харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.4 их наяд төгрөг буюу 1.4 хувиар өссөн байна.

 

ДНБ-ИЙ ӨСӨЛТ, БУУРАЛТ, хувиар (2015 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)



Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 4.6 хувиар буурсны -1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -3.0 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байсан бол 2021 онд 1.4 хувиар өссөний 1.8 нэгж хувь нь үйлчилгээний салбарт, 1.3 нэгж хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож буй аж.

Тодотгоход, Үндэсний статистикийн хороо Дотоодын нийт бүтээгдэхүүнийг НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг.

Гурван аргаар тооцох нь  илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг  өгдөг гэж статистикчид тайлбарладаг.  Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрддэг. Хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод,  уялдуулж шалгадаг.   Гурван тооцоогоо баланслуулж, “Нөөц ашигласны хүснэгт” гаргадаг гэсэн мэдээллийг өгдөг.

Exit mobile version