Дэлхий

Трамп хоёр хүүхэдтэйгээ шүүхэд дуудагдав

Нийтэлсэн

Бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор шалгагдаж буй хэрэгт АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хоёр хүүхдийн хамт Нью-Йорк хотын шүүхэд библи дээр гараа тавин мэдүүлэг өгөх ёстой гэж шүүгчийн шийдвэр гарчээ. Нью-Йорк хотын прокурорын газраас Трампын байгууллагыг татварын хууль зөрчиж, зээлээр дамжуулан хөрөнгийн үнэлгээг өөрчилж, залилан хийсэн хэрэгт буруутгаж буй. Шүүгчийн шийдвэрийн дагуу Трамп 21 хоногийн дотор мэдүүлэг өгөх ёстой. Харин Трамп гэр бүлийг нь буруутгаж буй уг хэргийг үгүйсгэж, шийдвэрийг давж заалдахаар төлөвлөсөн байна.

Нью-Йорк хотын дээд шүүхийн шүүгч Артур Энгорон өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Дональд Трамп болон түүний 44 настай хүү Дональд Трамп Жуниор, 40 настай охин Иванка нар өнгөрсөн арванхоёрдугаар сард прокуророос гаргасан хуулийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй гэжээ. Харин Нью-Йорк хотын ерөнхий прокурор Летитиа Жеймс хэлэхдээ, “Мөрдөн шалгах ажиллагааны явцад санхүүгийн залилан байж болзошгүй үйлдлийг гэрчлэх тодорхой баримт илэрсэн” гэдгийг онцолжээ.

Өдгөө 75 настай Дональд Трампын хувьд энэ хэргийг Ардчилсан намынхны хийж буй улс төрийн зорилготой “шулмын ан” гэж нэрлэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа 2019 онд эхэлсэн бөгөөд Дональд Трамп нь зээл авахдаа банкинд тавьсан барьцаа хөрөнгийн үнэлгээг бодит бусаар өндөр үнээр тогтоолгосон эсэхийг шалгаж байна. Энэхүү залилангийн шинжтэй хэрэг нь түүнийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаас өмнө болсон аж.
ЭХ СУРВАЛЖ: ВВС

Exit mobile version