Улс төр

СЕХ: Нэр дэвшигчид зургадугаар сарын 2-нд үнэмлэхээ гардан авна

Нийтэлсэн

Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/  УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл, ажлын талаар мэдээлэл хийлээ.


СЕХ-ны  Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “  СЕХ-ны ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 8-ны өдөр болсон. Энэ үеэр сонгуулийн цаг хугацааны хуваарь болон  2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг  хэлэлцэн  баталлаа.

СЕХ 14 журам, гурван маягт, заавруудыг  2-3 сард батална.  Дөрөвдүгээр сард аймаг нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн хороодыг байгуулна. Нийтдээ 340 орчим сум дүүргийн хороод байгуулагдах төлөвтэй байна.

Мөн сонгуулийн хэсгийн хороод тавдугаар сарын 10-аас өмнө байгуулагдах ёстой. Эдгээрт мөн адил төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллана. Улсын  хэмжээнд 2000 орчим хэсэг байгуулагдах байх гэсэн тооцоо бий. Сонгуулийн цаг хугацааны хуваарьт тусгаснаар сонгуульд оролцох нам эвслүүд дөрөвдүгээр  сарын 24-өөс өмнө сонгуульд оролцох  хүсэлтээ СЕХ-д албан бичгээр хандсан байх ёстой.

Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ  дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө  хуралдаж хэлэлцэх хуулийн үүрэгтэй.  УИХ-ын сонгуульд  оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна. Уг ажиллагаа нь 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд намууд дээрээ зохион байгуулагдана.

Нэр дэвшигчдийг СЕХ дээр бүртгэнэ. СЕХ бүртгэсэн нэр дэвшигчдийг санал авахаас 22 хоногийн өмнө буюу нэг өдөр ижил цагт нэр дэвшсэн хүмүүсийн үнэмлэхийг гардуулж өгөх үүрэгтэй. Сонгуулийн сурталчилгаа 22 хоногийн хугацаанд явагдана.

Өнгөрсөн  долоо удаагийн УИХ-ын сонгуульд нийтдээ 2840 орчим хүн нэр дэвшсэн байна. 2016 оны сонгуулиар нийтдээ 12 нам, гурван эвсэл оролцсон”гэлээ.

Э.БУРАМ

Exit mobile version