Нийгэм
Монгол, Японы мэндчилгээг 50 автобусаар дамжуулна
Монгол, Японы дипломат харилцааг илэрхийлж, нийтийн тээврийн 50 автобусыг үйлчилгээнд гаргана.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ажлын хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулсан “Засвар үйлчилгээний станц”-ыг танилцуулах арга хэмжээг өнөөдөр /2022.02.23/ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Монгол Японы Найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүки, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга бөгөөд гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки, Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Г.Хулан, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Коизүми Таига, Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Ч.Солонго, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ц.Сандуй, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженер Ш.Мөнхжаргал, Нийтийн тээврийн газрын дарга Б.Сайханбаяр, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Лхагва нарын зочид төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээний үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”, 1 дүгээр баазын засвар үйлчилгээний станц болон Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 15 жил ашиглагдаж байсан Ниссан дизель маркийн автобусыг танилцуулах ажлуудыг зохион байгууллаа.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шугамын үйлчилгээнд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндчилгээ бүхий нийт 50 автобусыг үйлчилгээнд гаргана.