Боловсрол
Багш нар Сангийн сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг нэхлээ
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хоёрдугаар сарын 14-ний өдөр Сангийн сайд Б.Жавхланд шаардах бичиг хүргүүлсэн байдаг. Тэгвэл өчигдөр /2022.02.22/ тэрхүү шаардах бичгийнхээ хариуг нэхсэн албан бичгийг дахин хүргүүлжээ.
Тэрхүү шаардлагад өмнөх шаардлагын хариуг 25-ны дотор /2022.02.25/ ирүүлэх, цалингийн шинэчилсэн сүлжээг батлуулах, 2022 оны нэг, хоёрдугаар сарын цалин хөлсний зөрүүг тооцон олгох зэрэг ерөнхий гурван зүйлийг тусгасан байна.
Хоёрдугаар сарын 22-ны өдөр өгсөн энэхүү шаардлагын хариуг хоёрдугаар сарын 28-ны дотор бичгээр ирүүлэхийг хүссэн бөгөөд хэрэв ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагаанд шилжихээ мэдэгджээ
Дашрамд дурдхад, боловсролын салбарын ажилтнууд цалингаа нэмэх шаардлагыг 4 жилийн өмнөөс Засгийн газарт хүргүүлж эхэлсэн. Түүгээр ч зогсохгүй олон удаагийн суулт, ажил хаялт зарласан ч төдийлөн амжилтад хүрээгүй байдаг.
Монголын багш нарын цалин олон улсын жишгээс хэт бага байгаа бөгөөд өнөөдөр 25 жил улсад ажилласан багш 850 мянган төгрөгийн цалин авч байгаа юм.
Н.Еркегүль