Нийгэм

“ТЭРБУМ МОД” хөдөлгөөний хүрээнд ажлын байр нэмэгдүүлнэ гэв

Нийтэлсэн

Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын 29 дүгээр хурал “Ой ба Ногоон сэргэлт” нэрээр эхэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллагын зохион байгуулдаг энэхүү уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас удирдан, зохион байгуулж байгаа аж. Хурлыг энэ сарын 22-25-ны өдрүүдэд.зохион байгуулах юм. Цар тахлын улмаас комиссын хурлыг цахимаар зохион байгуулж байгаа ажээ.

Цахим хуралд 34 гишүүн орон болон олон улсын байгууллагын 200 гаруй гишүүн оролцож байгаа аж. НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүнсний доройтол үүсч болзошгүй байгаа тул дэлхийн дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг тавьж байгааг онцолсон юм.

Хурлын эхэнд НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн ойн хэлтсийн дарга Мария Хелена Семедо “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ойн салбар нь хүнсний системийг сайжруулахад чухал үүрэгтэй. Ойн тогтвортой менежмент хийж чадсанаар хөдөө аж ахуйн асуудлуудыг шийдэх боломжтой. Газрын менежментийн чиглэлээр өөрчлөлт хийх шаардлагатай байна” гэв.

Энэхүү бүс нутгийн хурлаар 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэх ажлуудыг гишүүн орнуудтай хэлэлцэж, санал бодлоо хуваалцаж, улмаар ажил хэрэг болгох ажээ. Хурлаар гурван ажлыг онцлон хийх аж. Үүнд, дэлхий дахинаа ойн салбарын үйл ажиллагаан дахь цар тахлын нөлөөг тодорхойлох, бүс нутгийн түвшинд хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх, ойн аж ахуй хөгжүүлэх дунд, урт хугацааны оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэргийг онцолжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулж, шинэ технологи, инновац эрчимтэй нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлснээр цаашид 27.2 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлсэн” гэлээ. Мөн тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эдийн засгийн зөв хөшүүрэг, арга хэрэгслийг ашиглан ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурлыг бууруулахад тодорхой ахиц гарна хэмээн үзсэн байна.

Сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуун температур 1.09 хувиар өссөн байна. Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд гадаргуун температур 2.2 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт ажээ. Мөн нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 45 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй хэлбэрээр цөлжсөн байдаг аж. Доройтсон хөрсийг нөхөн сэргээхийн тулд нарс, шинэсээр ойжуулалт хийдэг байна. Хот цэцэрлэгжүүлэлт, голын ойр орчмын нөхөн сэргээлтэд улиасыг ашигладаг ажээ.

Энэ талаар Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарын дарга Б.Удвал “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж их үрийн давтагдах хугацаа багассан. Үрийн идээт байдал, овор хэмжээ, чанар буурсан юм. Иймд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд үрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Импортын үр оруулж ирэхдээ уур амьсгалын ижил нөхцөлд хөрш зэргэлдээ орнуудад ургаж байгаа навчит болон шилмүүст төрлийн модны үрийг оруулж ирэх нь зохимжтой. Үрийг дагаж ойн хортон шавж, өвчин орж ирж байгаа эсэх асуудалд судалгаа, хяналттай хандах хэрэгтэй” гэлээ.

Манай улсын хувьд 2030 онд ойжуулалтын талбайг есөн хувьд хүргэхээр зорилт тавьсан. Одоогийн байдлаар 7.9 хувьтай байгаа юм. Нийт 1.4 сая га талбай ойн хөнөөлт шавж, түймрийн нөлөөгөөр доройтсон аж. Үүнийг нөхөн сэргээх ажлыг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийх ажээ. Мөн хамгаалалтын зурвас хийх юм байна. Эдгээр ажлуудтай холбоотой мэдээллүүдийг “Ой ба Ногоон сэргэлт” хурлын үеэр дэлгэрэнгүй ярилцаж, танилцах аж.

Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа тайлбар өгсөн юм. Тэрбээр “Энэ удаагийн уулзалтын онцлог нь цар тахлын дараах нийгмийн асуудлуудад ач холбогдол өгснөөрөө онцлог юм.

Манай улсын хувьд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, гишүүн орнуудтай хамтарч ажиллах, технологи дэвшил, туршлагуудыг хуваалцах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг авах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөсөн” гэлээ. Мөн тэрбээр “Энэ жилээс авч хэрэгжүүлэх ажил дунд агро ойн аж ахуй гэсэн чиглэлээр ажил хийхээр төлөвлөсөн. Агро ойн аж ахуйн чиглэлээр тэжээлийн ургамал, хүнсний ногоо гэх мэтийг тарьж ургуулах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ” гэсэн юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version