Улс төр
“Капитал”-ын 86 үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж, ₮49 тэрбумын авлагатай үлдэнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанд татан буугдсан Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын явц байдлыг танилцуулсан талаараа ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Засгийн хуралдаанаар банкны эрх хүлээн авагчийн хөрөнгийг шилжүүлж авах, дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг холбогдох санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.
Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан бөгөөд үүнээс 7.7 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд шилжиж орж ирсэн.
Мөн өнгөрсөн хугацаанд 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлж авсан бөгөөд 74 тэрбум төгрөгийн авлага үлдээд байсан гэв.
Өчигдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж “Капитал Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт эд хөрөнгө суутган авах тухай асуудал хэлэлцлээ.
Хурлаар өр төлбөрт тооцож авах боломжтой хөрөнгийг танилцуулж тэдгээрээс нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч баталжээ.
Ингэснээр Нийгмийн даатгалын санд Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж буй юм байна.