Нийгэм
Д.Шагдарсүрэн: Усан барс жилийн зуны тэргүүн сар нь “илүү”
Монголчууд тэнгэр хангайгаа нар сар, од мичдийн байрлалаар шинжсээр ирсэн. Хаваржилт ямар байх төлөвтэй байгаа талаар МУСГЗ, Цаг уурч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.
-Энэ жил Цагаан сар эрт болчихлоо. Их урт хавар болох нь. Хавар хэр хүнд байхаар байна вэ, эсвэл сайхан байх төлөвтэй байна уу?
-Билгийн улирлын тооллоор усан барс жилийн зуны тэргүүн сар нь “илүү” юм билээ. Тэгэхлээр хавар нь биш зун нь урт болно гэж ойлгох хэрэгтэй байх. Тэгэхдээ уур амьсгалын орчин үеийн хандлагаас харвал зун хуурайшил ихтэй болж байгаагаас зуны эхэн сар илүү байгаа нь хаврын сүүл сар илүү байгаа мэт санагдуулж мэдэх юм.
-“Ноднин Дундговьд хавар шороон шуурга тавиад гамшиг болсон шүү дээ. Энэ жил байгалийн гамшигт үзэгдэл давтагдах вий?
-Үгүй байх аа.Тэр бол түүхэнд цөөн тохиолдох гамшигт үзэгдэл байлаа. Тэгэхдээ намар урт, өвөл цасгүй орсон, дээрээс нь уурхайн хүнд даацын машины арзгар хээтэй, том дугуйны мөрөөр говийн хөрс шороо талхлагдан суларч, хамрын тамхи шиг нунтаг болчихсон тул өчүүхэн төдий салхи хөдөлвөл улаан түйрэн босох болсон. Манайхан уурхайн ам нээхийнхээ өмнө замаа барьж сураагүйгээс олохоосоо ихийг алддагийг төр засаг анзаарч, анхаарахгүй байна. Даанч харамсалтай. Саяхан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нэг малчин “Уурхайн хөлөөс зайдуухан газар амьдармаар байх юм. Даанч төрж өссөн нутагаа орхиод явж чадахгүй юм” гэж байсан. Өрөвдөлтэй байгаа биз.
-Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж гол нуурын мөсөн дээгүүр зорчих нь ихэсдэг. Энэ жил мөсний зузаан хэр байгаа бол. Тун удахгүй Хөвсгөл нууранд мөсний баяр болох гэж байна шүү дээ?
-Энэ тухай би Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Адъяасүрэнгээс асуулаа л даа. Тэрбээр “Эгийн голын мөсийг нуураас гарч буй хоолой дээр, мөн Эрдэнэбулган суманд хэмждэг юм. Нуурын хоолой битүүрч хөлдөөгүй, гол мөсөн захтай байгаа. Эгийн голын мөсний зузаан Эрдэнэбулган орчмоор 78см байна. Мөсний баяртай холбогдуулан зориудаар хэмжиж үзэхэд Хатгалаас 10 орчим километрийн зайд гол руугаа нэгдүгээр сарын сүүлчээр 60-70 см байсан. Мөсний баяр хийх газар орчмоор 115-120 см байгаа” гэлээ.
Ус цаг уурын байгууллага, онцгой байдлынхан сануулаад л, сэрэмжлүүлээд л байна. Зарим нь аминаасаа уйдсан юм шиг л мөсөн дээгүүр явах юм. Дэндүү хэнэггүй, бараг тэнэг гэмээр. Одоо ойрын өдрүүдэд огцом дулаарч байна, энэ хугацаанд мөс эрчимтэй хайлж нимгэрнэ. 25, 26-наас эргээд жаахан хүйтэрсэн ч мөсний зузаан төдий л нэмэгдэж амжихгүй. Ер нь хаврын мөс “босоо”, намрын мөс “хэвтээ” бүтэцтэй байдгаас адилхан зузаантай байлаа ч хаврынх нь хэврэг, намрынх нь илүү бөх байдгийг анзаардаггүй юм шиг байгаа юм.
-Хавар хур тунадас хэр буух төлөвтэй байна вэ. Өвсний ногооны шим, шар тос болсон цас хур бага байвал зуншлага мууддаг шүү дээ?
-Хавар хур их бага байх, хэдийд хаагуур тунадас орох магадлалтайг цаг уурын байгууллага л тоймлож хэлнэ. Манай нутагт алаг турилаах эрт ирвэл зун эрт эхэлнэ, өрөм тос сайн хураана л гэдэг. Гол устай газарт нүүдлийн шувуу тарган ирвэл ган болно, туранхай ирвэл өнтэй сайхан зун болно гэдэг юм. Өдийд бол ангир хаа сайгүй ирчихсэн байгаа даа. Нутгийн малчид анзаарч харж л байгаа байх.
-Өнгөрсөн хавар малын жилбэ муу байснаас болж төл их хорогдсон. Энэ жил малчдадаа анхааруулж юу гэж зөвлөх вэ. Малын жилбийг сайн байлгахын тулд малчид ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Манай хашир малчид, саальчид “Үхрийн сүү дэлэндээ биш хэлэндээ байдаг” гэлцдэг. Мал жилбэтэй байх эсэх нь тэжээлээс л шалтгаална. Олдоц хүртээмж нь аль хэр байдаг юм гэхээс уурагтай, витаминтай олон төрлийн тэжээл байдаг бололтой. Телевизээр рекламдаад л байх юм. Өдийд хамгийн чухал юм тэжээл болоод байна. Өнөөх нутгийн зөвлөлийнхөн маань намар идэшний цагаар нутгаа санадаг шигээ одоо л өвс, тэжээл бөөгнүүлж малчдадаа хүргэмээр байгаа юм.
-Өнгөрсөн өвөл сайхан өвөл болж өнгөрөв. Аль нутагт хамгийн их цас унав?
-Өнгөрсөн өвөл ойрын жилүүдэд байгаагүй өнтэй сайхан өвөл боллоо. Онцгой их цас унасан газар байхгүй. Алтайн өвөр говь, Ажбогдын нуруу хавиар хуучин байдагаасаа арай ахиу цас унаад төдөлгүй арилсан байх. За тэгээд өнөөх л Завханы Тэс, Отгон, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул гээд Тэсийн голын сав, Булнай нуруу орчим, бас Дархадын хотгор байдаг л хэмжээний цастай, байдаг л хэмжээний жавартай өвөл боллоо. Ер нь -40 градус давж хүйтэрсэн тохиолдол тун цөөхөн шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН