Эдийн засаг
Н.Удаанжаргал: Богдхан төмөр зам нь экспорт, импортын орлогыг хоёр дахин өсгөнө
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Бага хурлын хүрээнд Төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инноваци, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал зэргийг судалсан 22 илтгэлийг салбар хуралдаанд танилцуулсан юм.
Энэ оны наймдугаар сарын 04-нд Засгийн газрын хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгохыг дэмжсэн.
Богдхан төмөр зам нь Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөтэй холбогдоно. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннель эсткадан /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах аж.
Бага хурлын үеэр энэхүү бүтээн байгуулалтын талаар Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Төмөр замын бүтээн байгуулалтад технологийн хувьсгал үүссэнийг олон нийт хараахан ойлгоогүй байна. Мөн төмөр замын бүтээн байгуулалтыг булхай луйвар, хулгай гэж харахаа болих хэрэгтэй. Энэ төслүүдэд олон хүн ажиллаж, улс орноос мөн их хэмжээний мөнгө зарцуулдаг. Үүний үр дүнд Монгол Улс нэгдүгээр зэрэглэлийн төмөр замтай болсон. 410 гаруй километр урттай гуравдугаар зэрэглэлийн төмөр замын ажил дууссан.
Одоо бид Богдхан төмөр замын төсөл рүү орох гэж байна. Төмөр замтай холбоотой бүхий л ажлыг улсын нууцтай холбон тайлбарладаг. Тиймээс бид бүхэн шинжлэх ухааны түвшинд задалж эрдэм шинжилгээний хурал хийлээ. Бид Богдхан төмөр замын төслөөр анхны туннелийг барьж үзэх гэж байна. Судалгааны ажил дуусаж, нарийвчилсан зураг төсөл рүү ороход бэлэн болсон.
Гашуунсухайт, Зүүнбаянд 27, 16 гээд нийтдээ 33 гүүрийг 3.7 километрийн урттай барьж байгуулсан. Мөн Богдхан төмөр замд баригдах Туул гол дээгүүрх гүүр 3.2 километрийн урттай, газрын төвшнөөс 22-39 метр өндөрт харагдах юм. Бид ийм түвшний шинэчлүүлэлтийг хийх гэж байна.
Энэ бол шинэ инноваци буюу Монгол Улсад технологийн дэвшил авч ирнэ. Богдхан төмөр замыг амжилттай барьчих юм бол Улаанбаатар хот метротой болно. Хамгийн гол нь шинжлэх ухаан, онол нь ард үлдэж түүнийг төмөр зам барихдаа ашиглаж 100 жил түүгээрээ явах юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх төмөр замын эхлэл төгсгөлийн цэгийн хоорондох төмөр замыг барих ажлыг хийж буй.
Үүнийг гүйцэтгэхэд технологийн барилга байгууламж хэрэгтэй бөгөөд долоодугаар сард багтаан ашиглалтад оруулах а. Энэ оны нэгдүгээр сард эхний ээлжийн 63 километр замыг Зам тээвэр, хөгжлийн яамны техникийн комисс хүлээн авч онц сайн үнэлгээ өгсөн.Үлдэгдэл хэсгийг хэсэгчилж бэлэн болгон ээлж дараалаад хүлээлгэн өгнө” гэв.
Мөн тус төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжид олон зүйл хамаарах юм. Тухайлбал, хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдал 84.8 хувиар буурна. Мөн экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.8 сая ам.доллароос 64.9 сая ам.доллар болж хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно хэмээн урьдчилан тооцоолжээ.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН