Энтертайнмент

ОХУ-ыг дэлхийн спортоос шахсаар байна

Нийтэлсэн

ОХУ-ын цэрэг Украины нутаг дэвсгэрт тусгай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дэлхийн спортын ертөнцөөс Оросын тамирчдыг шахан гаргах кампанит ажил явагдаж байна гэж хэлэхэд болно. Энэ бүхнийг эхлүүлсэн хүн нь даян дэлхийг эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлөөр нэгтгэх үүрэгтэй ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах гэгч этгээд юм. Бээжингийн олимпын үеэр хэт нэгийг барьсан мэдэгдэл гаргаж, тамирчид, баг, улс орны хооронд яс хаяж байсан энэ хүн ОУОХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэх ёсгүй, эрхгүй гэдэг нь одоо ч харагдлаа.

Орос, Украины дайн эхлэнгүүт Томас Бах ОУОХ-ны нэрийн өмнөөс бүх спортын холбоодод орос тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх даалгавар өгсөн. Мэдээж олимпын төрлийн спорт холбоодын хувьд ОУОХ-ны даалгавар бол тушаал л гэсэн үг. Юуны өмнө дэлхийн хамгийн том холбоо болох ФИФА энэ даалгаврыг нь гүйцэтгэсэн.

ОХУ дайн хийж, түрэмгийлэл үйлдлээ гээд Засгийн газар нь буруутай болохоос тамирчдад ямар буруу байх билээ. Ингээд орос тамирчдыг шийтгэсэн төрлүүдийг нэрлэе.

•‎ ФИФА, УЕФА ОХУ-ын шигшээ баг болон клубуудыг бүх тэмцээнээс хаслаа. ДАШТ-ий эрхийн тоглолтод ч орж чадахгүй болсон.

•‎ Евролиг сагсан бөмбөгийн ЦСКА, УНИКС, Зенит, Локомотив-Кубань багуудыг тэмцээнд оролцохыг түдгэлзүүллээ. Цаашдаа Украинд байдал хүндэрвэл бүр хасах гэнэ.

•‎ Бүх дэлхийн керлингийн холбооноос орос тамирчдыг хаслаа.

•‎ Мэргэжлийн боксын WBO, IBF, WBC, WBA холбоод ОХУ-д тэмцээн зохион байгуулахгүй. Орост болсон тэмцээнийг хүлээн зөвшөөрөхгүй.

•‎ Европын гандболын холбооноос Орос, Беларусын багуудыг тэмцээндээ оролцуулахгүй шийдвэр гаргалаа.

• Олон улсын хоккейн холбоо ОХУ-ын шигшээг бүх тэмцээнээс хассан. Орост болох байсан дэлхийн аваргын тэмцээнүүдийг хураан авлаа.

• ОУОХ-ноос Владимир Путин, Дмитрий Чернышенко, Дмитрий Козак нарт Соси олимпыг амжилттай зохион байгуулсан хэмээн олгосон олимпын одон медалиа хүчингүй болгов.

  • Дэлхийн таэквондогийн холбооноос В.Путинд өгсөн хар бүсээ хураан авна гэж мэдэгдэв.
  • Олон улсын жүдогийн холбоо В.Путины Хүндэт ерөнхийлөгч цолыг хүчингүй болголоо.

Цаашдаа ч орос тамирчдын эсрэг олон хориг гарах нь тодорхой.

Exit mobile version