Улс төр

Томчуудын зодооныг холоос хар

Нийтэлсэн

Бид юугаа сурдаг юм гэж хэнэггүй орхиж болох л доо. Гэхдээ пост коммунист, хуучин нийгмийнхээ нурман дээр шинэ нийгмээ өндийлгөсөн манайх шиг улсад харин ч сурах юм бишгүй бий.

Ний нуугүй хэлэхэд, манайх ОХУ байтугай Украины эдийн засагт ч дүйж очихгүй. Гэхдээ улс төрийн мораль, их гүрнүүдийн геополитикийн гол түшиц гэдгээрээ ихээхэн төстэй.

Геополитик, гео-эдийн засгийн анхааралд өртсөн болохоор л өнөө болтол дайны утаа намжихгүй байгаа юм. Бид хэн байснаа санаж, хэн байхаа тодорхойлох ёстой. Гэхдээ их гүрнүүдийн дүргүйг хүргэхгүй, геополитикийн тоглоом болчихгүйн тулд асар их ухаан хэрэгтэй гэдгийг өнгөрсөн тав хоногийн үйл явдал бэлхнээ харуулж байгаа нь дамжиггүй.

ХЭН БАЙСНАА, ХЭН БАЙХ ЁСТОЙГОО БҮҮ МАРТ

Манай нийгмийн жолоог аль номлол атгаж байгаагаас шалтгаалаад өмнөх нийгмээ жигшин зэвүүцдэг сул талтай. Зарим талаар сул талыг аль нэг улс хүчээр суулгасан ч байж мэднэ. Гэхдээ хар таамаг төдий тул үүнийг нурших нь илүүц биз. Коммунист засаг атгахдаа хуучин нийгэм, феодал, ардын уламжлал гэдэг зүйлийг жигшин зэвүүцдэг байлаа. Тэр бүү хэл соёлд нь нэвт шингэчихсэн шашнаа ч үгүйсгээд “явчихсан”. Коммунизм яг мандлаа гэж сэтгэж байтал дэлхий даяар өрнөсөн ардчиллын салхи Монголын тал нутагт сэвэлзэж, сэвэлзсэн салхины дүнд ардчилалын баянбүрд болохдоо ч өмнөх нийгмээ зад шүүмжлээд “унасан”.

Гэхдээ нийгэм гэдэг бол өмнөхөө мартаад, одоог хөгжүүлдэг тийм “нимгэн” ном биш ажээ. Гэвч Украин үүнийг уншаад барчих тууж гээд ойлгочихсон. Зөвлөлтийн хаяанаас салахдаа Крым, уул уурхайн арвин баялаг зүүн Украины бүс нутгаа аваад гарахдаа тэд ОХУ-д нэг л амлалт өгсөн юм. Тэр нь цөмийн цэнэгт хошуугаа Оросын талд үлдээгээд туурга тусгаар улс болноо гэж амлалт өгсөн. Бүр сүүлд НАТО /Умард Атлантын цэргийн эвсэл/ Зүүн европ руу тэлээд ирэхтэй зэрэгцэн ОХУ бас л “Та нар НАТО-д элсвээ, ОХУ танай тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа шүү” гэдгээ эвтэйхэн сануулж байлаа. Гэвч тэд хэн байснаа мартатлаа хол явжээ.

Мартатлаа гэдэг нь нэг талаар тэд хэн болох ёстойгоо хэсэг мартаж 2004 онтой золгосон. 2004 онд Улбар хувьсгал болох хүртэл Оросын бөөрөнд наалдаж өнөөдөр ад үзэгдээд байгаа Беларусь шигээ болох гэж байлаа. Болох ёстой мартсанаас ердөө жилийн дараа Улбар хувьсгалын дүнгээр Виктор Ющенко Засгийн эрхэнд гарсан. Таван жил Украины жолоог атгахдаа барууны талыг ихэд шүтэх болж, НАТО-д элсэхийг дэмжиж, Олон улсын валютын сангийн оролцоотойгоор төсвийн бодлогоо шинэчлэв. Европын холбоотой худалдааны хувьд харилцаагаа өргөжүүлнэ гэдэг амлалт дэвшүүлж байв. Гэхдээ ОХУ-аа мартахгүй худалдаа, эдийн засгийн нягт харилцаатай болно гэж тусгаж байлаа.

Ющенкогийн хувьд баруун руу хэлбийж байтал 2010 онд Виктор Янукович засгийн эрхэнд гарах нь тэр. Янукович гармагцаа Оросын талыг илүүтэй баримтлах болов. Ялангуяа 2014 оны зун түүнийг бүрэн эрхээсээ буухаас зүг өмнөхөн Хар тэнгисийнфлот байгуулах тухай гэрээнд ОХУ-тай гарын үсэг зурсан нь өнөөдөр төрийн эрхийг авах зорилгоор эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт сэжиглэгдэж байна.

Үүнийг нь АНУ, тэр дундаа Баруун европын бүс нутаг зүгээр хараад суугаагүй тул “Арабын хавар”-ын технологиор Евро-Майданы хувьсгал 2014 онд дэгдсэн юм. Евро-Майданы хувьсгалаас илүүтэй барууныхныг баримтлахаар болж АНУ ч тэр, Их Британи ч тэр, Европын холбоо ч Украинд өгдөг санхүүжилтээ нэмэгдүүлэн, ОХУ-ыг дайсан мэтээр ойлгуулж, “тэжээж” ирсэн билээ. Нэгэн цагт бөөрөнд нь наалдаж байсан Украиныг гаднынхан санхүүжүүлээд эхлэхээр ОХУ зүгээр суухгүй нь тодорхой. Тиймээс цэрэг хөдөлгөж, Крымийг өөрийн болгоод, Донбассын хоёр хот Донецк, Луганскийг дэмжин, Бүгд найрамдах улс гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн.

Хэрэв тэд нэг бол ОХУ нэг бол баруун гэж туйлширсан үзлээр хандаагүй бол газар нутгаа алдахгүй, унтрааж чадахгүй дайны утаатай байхгүй байх боломжтой байлаа. ОХУ-ын “уурыг хүргэхгүйн” тулд НАТО зэрэг бусад байгууллага, цэргийн эвсэлд нэгдэхгүй байсан бол, Европын холбоотой илүү сүжрээгүй байсан бол, барууныханд хэт их итгэлгүй эдийн засаг, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлж, түүнийгээ ОХУ-тай хамтран хэрэгжүүлсэн бол хоёр талд гүйгээд хоосон хоцрохгүй байлаа.

 

УКРАИН ӨӨРӨӨ ИЛ ЦАГААН ҮНЭНИЙГ ОЙЛГООГҮЙ

 

Түүхэнд үлдсэн маш том сургамж бол энэ. АНУ-ыг хар л даа. Дэлхийн I дайн 1914 онд дэгдэхэд дайн дуусахаас нэг жилийн өмнө л АНУ дайнд оролцсон. Харин дэлхийн II дайн 1939 онд дэгдэхэд АНУ мөн л дайн дуусахаас гурван жилийн өмнө дайнд татагдан оролцсон. Хэрэв АНУ-ын ашиг сонирхлыг илтэд зөрчөөгүй л бол дайнд манлайлан оролцоод байдаггүй улс. Дэлхийг тэртээ тэргүй тэргүүлж байгаа энэ улс дайнд оролцоод байх нь ашиг сонирхлын хувьд болохгүй болохоор тэр л дээ.

Дэлхийн II дайны дараа тогтоосон дэг журмын гол автор нь тэд байсан гэдгийг түүх уншдаг хэн ч мэднэ. Чухамдаа тэд л НҮБ-ыг оройлж, Олон улсын санхүү, эдийн засгийн хамтын нийгэмлэгийг үүтгэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг бий болгож, хамгийн гол нь НАТО-г бий болгосон юм. Тэд тоглоомын дүрмийг үндсэндээ тогтоодог учраас Ирак, Сири, Араб чухам хаана “дайсан” байна түүнийг “олж, тогтоон” дайн дэгдээж чадна. Юуг, юу руу, хэнийг хэн рүү “турхирах аа” сайн л мэддэг байж таараа.

Түүхийн ил цагаан үнэнийг Украин ойлгохгүй байсаар өнөөг хүрсэн нь гол алдааны нэг гэж олон улс судлаачид дүгнэж байна. Барууныхан, АНУ юу руу турхирахаа мэдэж байгааг төрийн хар хайрцгийн бодлогоороо тогтоох ёстой байж. Тэдний ашиг сонирхол зөвхөн Украины ашиг сонирхол биш байсныг арай л эрт ухаарах байж. ОХУ ч дан ганцаараа Украины бүрэн эрхийн баталгаа болохгүй гэдгийг ухаарах ёстой байсан. Нэгэн цагт нэгэн дээвэр дор дөрөө харшуулж явсан ОХУ-ыг дагаад байх нь барууны ашиг сонирхлыг хөндөнө гэдгийг тэд мартаж орхисон.

ОХУ-ын хамгийн дургүй НАТО гэж сүжрэх болсон нь ОХУ-ын дургүйг хүргэсэн. ОХУ хэтээсээ НАТО-д дургүй байсан. Зөвлөлтийн нурж амжаагүй систем дээр өндийн босоод хэтийн амбицаараа эргэн сэргээх бодлоготой нэгэн төрийн толгойд нь гарсан цагт НАТО бол хадны мангаа. Мангасын араас хөөцөлдсөн хэн ч ОХУ-ын аюулгүй байдлын гол дайсан болох учиртай.

 

ХЭТИЙДСЭН УЛС ТӨР

 

Украин бол улстөрчдийн хувьд оноо авах хэрэгсэл байсаар ирсэн. Шуудхан хэлэхэд сонгуулиас сонгуулийн хооронд холбирч ирсэн Украины улс төр л өнөөгийн хямралын гол эх үндэс юм. Зөвлөлтөөс дөнгөж тусгаар тогтнож байхдаа эрх чөлөө, ардчилал гэж уриа хашхирч байсан бол таван жил бололгүй Оросоо бараадаад эхэлсэн. Дахиад таван жилийн дараа Оросууд мангас болж барууныхан бурхан болж байв. Зүйрлэж хэлбэл нэг барын амнаас гараад, нөгөө барын ам руу гүйсээр эцэстээ юу болж байгааг дэлхий даяараа харж байна.

Хэтийн бодлогогүй өнөө маргаашийн улс төрөө л хөөвөл улс гэдэг тарж бутрахдаа амархан аж. Нөгөөтээгүүр Украинд улс төрийн амьдрал идэвхтэй оролцдог 50 гаруй нам байгааг 2020 оны улс төрийн намын судалгаанд дурджээ. Идэвхтэй оролцдоггүй, жин дардаггүй улс төрийн нэгдэл түүнээс ч олон бий. Энэ бүх намууд үзэл суртлынхаа хувьд дотроо хүйтэн дайн дэгдээх хэмжээнд хүрсэн.

Дээрээс нь шударгын дүрд тоглогчид дэндүү их. Ашиг сонирхлын төлөө улсаа баруун, зүүн, өмнө, хойно хамаагүй зарахад бэлэн улстөрчид бий болжээ. Авлигын индексээр энэ улс Европдоо “толгой цохидог”. Уншигч та санаж байгаа бол Арабын шах лугаа амьдардаг Ерөнхий прокурор Виктор Шокинын тансаглалыг санаж л байгаа байх. Авлига, хүнд суртал газар аваад байсан тул 2004 оны Улбар хувьсгал, арван жилийн дараа гарсан Евро-Майданы хувьсгал ч авлига, хүнд суртал, шударга ёс ярьж лоозогнож байлаа.

Сонгууль бүрээр нэгээс нэг рүү хэлбийж байсан энэ улсыг нэг бол ардчилагч, нэг бол улаан коммунист, нэг бол тэрбумтан, нэг бол жүжигчин удирдсаар өнөөг хүрчээ. Тэр болгонд баримтлах бодлогоо өөрчилж ирсэн нь их гүрний тоглоомын талбар болох үндсийн үндсийг тавьсан гэдгийг мартаж болохгүй.

 

БИД ЯМАР БИЛЭЭ…

 

Бид ямар байгааг уншигч та хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Нэг том уурхайтай, түүнийгээ тойрсон улс төртэй улс. Ганцхан салбараас хэт хамааралтай, тэр л салбараасаа валютын нөөцөө бүрдүүлдэг улс. Дөрвөн жилийн интервалаар улаан, цэнхрээрээ талцдаг улс.

Хөгжинө гэдгийг хөлжинө гээд ойлгочихсон улстөрчидтэй улс. Хойд хөрш крантаа кноптойгоо хамт, урд хөрш үүдээ хаахад л хаос /эмх замбараагүй байдал/ үүсэж, үймэж эхлэх улс. Бид ийм л улс. Интернэтийн орц гарц ч тэр урд, хойд гэсэн хоёр хөршөөс л гарах улс. Чухам ийм учраас гадаад бодлого, цаашлаад хар хайрцгийн бодлого урд, хойд хоёроо бараадахаас өөр зам байхгүй.

Монгол Улсын бүх л салбар нэгдсэн нэг зүг рүү хардаггүй. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдэд гадаад бодлого харьцангуй нэг цонхоор харж ирсэн. Нэг цонхоор харсан тулдаа хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо баталгаажуулаад, ардчилал “мандахын цаг”-т АНУ болон Япон зэрэг улсыг гуравдагч хөршөө болгоод тулгын гурван чулуу шиг тусгаар тогтнолоо тулж чадсан билээ. Гэвч сүүлийн үед нэгийг нь хэт дөвийлгөж, нөгөөг нь хэт үгүйсгэх хандлагатай болжээ.

Зарим байдлаараа улс төрчид нь урд, хойд хоёроо үг, үйлдлээрээ дуурайх болов. Энэ бол асар том дохио. Хэрэв бид аль нэг хөршөө тахин шүтэхгүй, уян хатан бодлого баримтлахгүй л бол дайн үүсэхгүйгээр эмзэгшиж мэдэх улс гэдгээ санах хэрэгтэй. Өнөө маргаашийн улс төр, өнөө маргаашийн хөрөнгө чинээний төлөө тэмцэлдэхээс илүү өдрөөс өдөрт хэлбэлзэх болсон их гүрнүүдийн геополитикийн тоглоомыг тэсэж үлдэх тал дээр анхаарах нь Монгол цаашид оршин байх эсэхийг шийднэ.

Монголын заяа их гэдэг нэг үг бий. Энэ бидний заяатайд ч бус хойд талд ОХУ гэдэг гүрэн байдаг нь, урд талд БНХАУ байдаг нь тусгаар тогтнолын баталгаа гэсэн санаа. Монгол байгаа учраас ОХУ-ын Евразийн ашиг сонирхол, БНХАУ-ын ази дахь ашиг сонирхол шалтгаалж байгаа юм. Нэг ёсондоо хүчний тэнцвэрийг хадгалах буфер /завсрын бамбай/ улс нь Монгол Улс. Өөр юу ч биш. Хэнийг дэмжиж ура хашхирахаас бус хэн нь ямар бодлого баримталж байгааг, хэн болох ёстойгоо ухамсарлаж гэмээн Монголын заяа ихээ л байх болно!!!

Б.АЗЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version