Эдийн засаг

Орос, Украины зөрчил эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх вэ!

Нийтэлсэн

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Инфляцын өсөлт нэмэгдэж буй энэ цаг үед тус банкны эх сурвалжуудын зүгээс хэд, хэдэн тайлбар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, инфляц нэмэгдэх тусам өрхийн орлого буурна. Инфляцыг бууруулах нь төв банкны гол ажил боловч зөвхөн манай улсын төв банкны үйл ажиллагаанаас хамаардаггүй. Манайх импортлогч улс тул экспортлогч улсуудын инфляц, үнийн өсөлт нөлөөлдөг тухайгаа ч учирлаж байлаа.  Хэвлэлийн хурлын үеэр хэн, юу ярьсныг хүргэе.


Б.Баярдаваа: Эдийн засаг 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа цар тахлын үеийн эдийн засаг, Монгол Улсын нөхцөл байдал, түүнтэй холбогдох тоо баримтуудыг танилцууллаа.

Тэрбээр “Цар тахлаас улбаатай 2020 онд хэд хэдэн нөхцөл байдал үүссэн. Мөн 2021 оны гуравдугаар сараас Хятад улс хилийн чанга дэглэмийг авч, хэрэгжүүлсэн нь Монгол Улсын экспортыг доголдуулахад хүргэсэн. Хилийн дэглэмээс гадна цар тахлын шинэ хувилбарууд гарч, эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэсэн.

Тухайн үед төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, тээврийн саатал үүсэх сувгаар эдийн засагт хямрал үүсч болзошгүй гэж тооцоолж байсан. Хамгийн төвөгтэй нөхцөл байдал нь хатуу хөл хорио тогтоох эсвэл эдийн засаг хямрах байдал гарч байв. 2020 онд улсын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан ч 1.4 хувьтай байгаа нь хүлээлтээс доогуур гарсан юм.

Үүнд, цар тахлын нөхцөл байдлаас хойш хөдөлгөөнт байдлын индексээр 2021 оны нэг, хоёрдугаар улиралд хөл хориотой байсан тул гуравдугаар улирлаас эдийн засгийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж 5.3 хувиар өссөн. Энэ нь хатуу хөл хорио суларч, хүлээлт их байсантай холбоотой. Экспорт хоёр жил дарааллан агшилттай гарч байна. Харин импорт сэргэлт ажиглагдаж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг цар тахлын нөхцөл байдалтай харьцуулахад сэргэлтийн үе шатан дээрээ явж байна. 2019 онд 5.5 хувиар өсч байсан эдийн засаг 2020 онд 4.4 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байна” гэв.

Б.Лхагвасүрэн: Манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлд орно

Цар тахлаас гадна Олон улсад үүсээд буй Орос, Украины нөхцөл байдал манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар албаныхны байр суурийг сонслоо. Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Монгол Улс  ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортолдог. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг. SWIFT-ийн мэдээлснээр ОХУ-ын төв банк болон нэр бүхий томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон. Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлд орно.

Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефттэй холбоотой төлбөр тооцоог хаахгүй гэсэн мэдэгдэл явж байгаа учраас манай улсын хувьд гарц гаргалгаа байх боломжтой гэж харж байна. Энэ талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар асуудлуудыг нарийн ярьж дараагийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэнэ. Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Үүнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй байна. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл байхгүй ч бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж харж байна” гэв.

Монголбанк шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2021 онд репо санхүүжилтийн хүрээнд 290 тэрбум төгрөгийн  хөнгөлөлттэй хүүтэй, зээл олгосон гэнэ. 2022 он гарснаас хойш 50-60 тэрбум төгрөгийн  санхүүжилт олгочихсон байгаа аж. АМГТГ-аас өгч байгаа мэдээллийг үзэхэд, АИ-92 зэрэг шатахууны 38 хоногийн нөөц манай улсад байна гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

Тодотгоход, Украины салан тусгаарласан бүс нутаг  Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэр Украины олон хотыг хамрах тусам, өрнөдийн орнуудын хориг шийдвэрүүд чангарч байна. Тухайлбал, ОХУ-ын  гол банкуудыг SWIFT буюу олон улсын төлбөр тооцооны сүлжээнээс салгах шийдвэр дээр АНУ, Европын холбоо, Их Британи, Канад улсууд санал нэгдсэн байна. Мөн БНХАУ-ын ICBC болон Банк оп чайна банкууд ОХУ-тай хийх төлбөр тооцоонд хязгаарлалт тогтоох шийдвэрийг гаргаад байна.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version