Эдийн засаг

Нүүрсний үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаанд дээд түвшинд хүрчээ

Нийтэлсэн

Олон улсын нүүрсний зах зээл дэх үнийн өсөлт нь Хятад улсын цахилгаан эрчим хүчний үнээ үндсэн түлшнийхээ өртөгтэй  уялдуулах бодлогыг алдагдуулж, тус улсын эдийн засгийн өсөлтөд дахин нэг цохилт өгөх эрсдэл үүсээд байна. Украин дахь мөргөлдөөн эрчим хүчний хангамжийг тасалдуулж магадгүй гэсэн болгоомжлол нь нүүрсний эрэлтийг нэмэгдүүлж, Азийн нүүрсний жишиг үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь дээд хэмжээнд буюу тонн нь 245 ам.доллар болоод байна.

Сидней дэх “Shaw & Partners Ltd”-ийн шинжээч Питер О’Коннор “Бид нүүрс тэргүүтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийн тэмцэл өрнөж байгааг харж байна. Эдгээр хурцадмал байдал үргэлжилсээр байвал  үнэ өссөөр байх болно” гэжээ. Европын холбооны нүүрсний импорт нэгдүгээр сард жилийн өмнөхөөс 55.8 хувиар нэмэгдэж, 10.8 сая тонн болсны 43 хувийг ОХУ нийлүүлсэн байна. Үүний зэрэгцээ, Хятад улс өнгөрсөн жил эрчим хүчний хомсдолд  орсны улмаас  Чинхуандао боомтод 5500 ккал эрчим хүчний нүүрсний жишиг үнэ 570-770 юань болж (86.98-121.77 ам.доллар) тогтжээ.

Хятадын Төлөвлөлтийн агентлаг пүрэв гарагт үнийг буулгах ээлжит арга хэмжээ авахаа  зарлаж, хэрэв тодорхой хязгаарыг зөрчсөн тохиолдолд интервенц хийнэ гэж сүрдүүлээд байна. Гэвч энэ оны эхээр Индонез экспортоо богино хугацаанд хориглосны дараа Хятад нүүрсний зах зээл  дэх эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаа нь харагдсан. Бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийн дотроос нефтийн үнэ баррель нь 100 ам.доллароос даваад байна.

Түүнчлэн дэлхийн эрчим хүчний хомсдол Орос Украинд түрэмгийлснээс үүдэлтэй шинэ хямралд шилжсэнээр Хятадын байгалийн хийн үнэ дээд амжилт тогтоожээ. Хэрвээ Оросын түүхий эдүүд хориг арга хэмжээний улмаас олон улсын зах зээлээс шахагдаж эхэлбэл  тус улсын нүүрс тэргүүтэй экспортын түүхий эдүүд Хятад руу урсах магадлалтай талаар “Fengkuang Coal Logistics”-ийн тэмдэглэлд дурджээ.

Орос улс аль хэдийн БНХАУ-ын хоёр дахь том нүүрс нийлүүлэгч болсон бөгөөд хоёр улс өнгөрсөн долоо хоногт ойрын 4-5 жилийн дотор нүүрсний худалдаагаа хоёр дахин нэмэгдүүлэх гэрээ байгуулсан. БНХАУ-ын  Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ, нүүрсний үнэ  тонн нь 570-770 юань байх нь дунд болон урт хугацаандаа нүүрсний гэрээ байгуулахад боломжийн ханш гэдгийг тодотгосон байна.

Цемент, гангийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэлээс гадуурх хэрэглээг оруулаад олон улсын хэмжээнд нүүрсний эрэлт 2022 онд өсөх төлөвтэй байна. Энэ өсөлт 2013, 2014 онд хүрсэн дээд амжилтаас давахгүй. Гэвч цаг агаарын таагүй байдал, эдийн засгийн өсөлт, геополитикийн тогтворгүй байдлаас хамааран нүүрсний эрэлт 2022 онд бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, дараагийн жилүүдэд энэ түвшинд хэвээр үлдэхээр байгаа аж.

Ямар ч тохиолдолд эрэлт нь төдийлөн буурдаггүй коксжих нүүрсний хэрэглээ 2024 он хүртэл жилд дунджаар 1.7 хувиар нэмэгдэж 1.164 сая тоннд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн уул уурхайн салбарын нөлөө бүхий мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, дэлхийн гангийн үйлдвэрлэл нэмэгдэх бодит байдалтай холбоотойгоор коксжих нүүрсний эрэлт өссөөр байх бөгөөд ирэх 30 жилийн хугацаанд үнэ нь харьцангуй тогтвортой байна гэдэгт найдаж байгаа ажээ.

Үүнээс гадна Индонезийн Нүүрс олборлогчдын нийгэмлэг буюу ABPI томоохон үйлдвэрлэгч гүрнүүдийн чиг хандлагаас үл хамааран нүүрсний эрэлт болон үнэ ирэх 20 жилийн хугацаанд тогтвортой хадгалагдах өөдрөг таамгийг дэвшүүлээд байгаа билээ.  Ялангуяа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад нүүрсний эрэлт, хэрэгцээ өндөр хэвээр байна гэж үзэж байгаа аж. Дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч БНХАУ-д ирэх 25 жилийн хугацаанд нүүрс ашигладаг эрчим хүчний үйлдвэрүүд шинээр байгуулах хэд хэдэн том төслүүд хэрэгжиж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version