Улс төр

С.Амарсайхан: УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөв.

Тэрбээр “Цаашид цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна.

Сүүлийн хоёр жилд коронавируст цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын албан даалгавар-8 боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна. Цар тахалтай тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг хоёр удаа шинэчлэн боловсруулж, Улсын онцгой комиссын даргаар батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн онцгой комиссын дэргэдэх шуурхай штабуудыг удирдлага, зохицуулалтаар тухай бүр хангаж, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж ажиллалаа.

Тухайн үед ДЭМБ-ын гаргасан судалгаагаар 40-50 мянган хүний амь эрстэх тооцоолол гарч байсан ч та бид хамтдаа хичээсний үр дүнд цар тахлын учруулах хохирлыг 20 дахин бага үзүүлэлттэйгээр даван туулж байна. Үүнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын оруулсан хувь нэмрийг Улсын онцгой комиссын даргын зүгээс өндрөөр үнэлж байна” хэмээн хэлсэн юм.

Иймд Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлж, тасралтгүй, тогтвортой ажиллуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болгожээ.

 Эх сурвалж: ОБЕГ

Exit mobile version