Улс төр

Д.Монголхүү: Монголын иргэд энхтайвныг хүсч байгаа гэсэн дуу хоолойг дэлхийд сонсгоё гэж зорьсон

Нийтэлсэн

Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Та бүхний зохион байгуулсан “No war” жагсаалын зорилго юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Монголын иргэд залуучууд энхтайвныг хүсч байгаа шүү гэсэн дуу хоолойг дэлхийд сонсгоё гэж зорьсон. Учир нь аливаа улсыг төлөөлөх эрх бүхий субьект нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гэх мэт төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. Өнөөдрийг хүртэл манай улс албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Энэ эс үйлдэхүйгээрээ юуг илэрхийлж байна гэхээр Монгол Улс улс биш гэж харагдаад байгаа юм. Орос-Украины асуудал хэдийнэ олон улсын анхаарлын төвд орчихсон. Энэ асуудлаар Дэлхийн улс орнууд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд байхад манай улс илэрхийлэхгүй байна. Манайх чинь Бүрэн эрхт тусгаар тогтночихсон улс шүү дээ. Тиймээс дэлхий дахинд Монгол гэж улс байгаа, тэд ийм байр суурьтай гэж албан ёсоор илэрхийлэх ёстой. Эрх бүхий субьектүүд илэрхийлэхгүй байгаа болохоор ядаж иргэд нь илэрхийлэх хэрэгтэй. Мэдээлэл технологийн ачаар дэлхий хавтгай болчихсон. Тиймээс дэлхийн нөгөө захад суугаа хүн интернэтээс монголчууд энхтайвны төлөө “No war” жагсаалд нэгдэж, зохион байгуулж байгаа юм байна гэсэн тэр дуу хоолойг хүргэх гэж зорьсон.

-Ардчилсан улсын иргэд энхтайвны төлөө дуугарч байгаа нь ч зөв байх. Гэхдээ манай улс дэлхийн хоёр том эх гүрний дунд оршиж байна. Эдийн засаг, эрчим хүч гээд бүх зүйл л хамааралтай байгаа ийм эгзэгтэй үед Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий субъектүүд байр сууриа яаран илэрхийлэх хэрэг байна уу?

-Бид албан ёсны статусаараа төвийг сахисан улс. Төвийг сахиж байгаа гэсэн байр сууриа илэрхийлэхэд юунаас болгоомжлоод байгаа юм бэ. Хэрвээ төвийг сахиж байна гэдгээсээ болгоомжилж байна гэвэл тэр жинхэнэ аюул үүсчихсэн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та нар заавал манайхыг дэмж гэдэг тулган шаардалт байна гэсэн үг. Ийм тулган шаардлагыг ямар нөхцөлд өгдөг вэ гэхээр өөрийн колони улсууддаа өгдөг. Хэрвээ манай улсын эрх бүхий субьектүүд төвийг сахисан байр сууриа эс үйлдэхүйгээрээ илэрхийлэхгүй болгоомжилж байгаа бол маш ноцтой байдалд хүрчихсэн байна гэсэн үг. Гэхдээ тийм биш байгаасай.

-Шадар сайд болон Зам, тээвэр хөгжлийн сайд нар Газпромд нэгдэхээр гарын үсэг зурчихлаа. Гуравдагч хөрш орнууд, европын холбооныхон Газпромыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлачихаад байхад ийн үзэглэж байгааг та юу гэж харж байна?

-Газпром анх яригдаж эхлэх үеэс л би эсэргүүцэж байсан. Та бид хоёрын дээр ярьсан хардлага хөшигний ард бодитой биелчихсэн байгаа юм болов уу гэж харж байна. Тэрний илрэл нь энэ юм уу ч гэж бодож байна. Газын хоолой манай улсад ороод ирвэл хамгаалахаар ОХУ-ын цэрэг орж ирнэ. Хоолойтой 100 метрийн ойролцоо монгол иргэд чөлөөтэй зорчиж чадахгүй болчихно. Хил гаалиар орж байгаа юм шиг нэвтэрч гарах бүртээ шалгуулах тийм сайхан юм уу. Энэ мэт аюул их.

-Энхтайвныг уриалж дэмжсэн та бүхний жагсаалд ямар хүмүүс очоод үймээн самуун дэгдээчихэв ээ?

-Тэр хүмүүсийг хэн явуулсан, ямар зорилготой ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Хийсэн үйлдлээс нь харж байхад үзэл бодол, байр сууриа илэрхийлэх гэж бус үймээн самуун дэгдээх, хүчирхийлэх гэж ирсэн юм байна лээ. Хэрэвзээ үзэл бодол, байр сууриа илэрхийлэх гэж ирсэн бол тийм зүйл хийхгүй байх байсан. “No war” жагсаалыг эсэргүүцэж байгаа бол “Yes war” гээд зэрэгцээд зогсож болох л байсан. Үндсэн хуулиар хамгаалагдсан тэр эрх нь нээлттэй шүү дээ. Жишээ нь, долдугаар сарын 1-нд “No naadam”-ынхан суулт хийж байхад “Yes naadam”-ынхан морьтойгоо тойрч үзэл бодлоо чөлөөтэй л илэрхийлж байсан шүү дээ. Тэр үед ямар ч мөргөлдөөн болоогүй. Ардчиллын хамгийн сайхан зарчим тэнд их тод харагдсан. Тэр бол эсрэг, тэсрэг хоёр байр суурь нэг цэг дээр ямар ч зөрчил гаргахгүйгээр үзэл бодлоо илэрхийлж болдог гэсэн ухамсарт иргэдийн үйлдэл байсан. Харин саяны нөхдүүдийн зорилго нь тийм байгаагүй юм байна гэдэг нь илт харагдаж байгаа.

-Таны биед халдсан гэсэн байсан?

-Намайг хоёр цохисон. Тэр хүнийг нь цагдаад өгөөд явуулсан чинь цагдаа нар суллаад явуулчихсан л байна лээ. Тэгэхдээ хохирогчийн мэдүүлэг авч, гомдол гаргуулж аваад явуулчихсан байна лээ. Гэтэл зодуулсан би холбогдогч болчихсон, зодсон хүн нь хохирогч болчихсон байна. Тухайн үед яг ямар үйл явц өрнөснийг та бүхэн цахим орчноос харж болно. Тухайн үед би ганц ч үг дуугараагүй, нэг ч хариу үйлдэл үзүүлээгүй. Учир бид энхтайвныг уриалж жагсаж байж хариу үйлдэл үзүүлж болохгүй байхгүй юу. Тэр жагсаал энхтайвнаар дуусах ёстой гэж бодсон.

-Тантай ярилцаж байгаагийнх МоАХ-г асуулгүй өнгөрч болохгүй нь. Хоёр талд гарчихаад байгаа МоАХ-ыг нэгдэж нийлүүлэх талаар шийдэл эрэлхийлж байна уу?

-МоАХ хоёр талд гараагүй шүү дээ.

-Хоёр талд гарчихсан гэдэг нь нийгэмд ил болчихлоо шүү дээ. Анх АН хоёр хуваагдахад хоёр талын нөлөө бүхий улстөрчид яг л тань шиг хариулт хэлж л байсан. Хэсэг хугацааны дараа бүх зүйл ил болсон шүү дээ?

-Эхлээд хоёр талд гарчихлаа гэсэн шуум явуулдаг юм байна. Дараа нь бодит болгох зүйлээ хийдэг юм байна. МоАХ-ын үүсгэн байгуулагч гишүүд, партизанууд хуваагдлыг хүсэхгүй. Тиймээс ч Үндэсний зөвлөлдөх зөвлөгөөнөөс гарсан тогтоол, шийдвэрээ нөгөө нөхдүүд дээр аваад очсон. МоАХ-ныхоо гишүүдийг цуглууллаа, ийм шийдвэр гарлаа. Тавдугаар их хурлаа хамтарч зохион байгуулъя. Бид салж нийлж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж очсон. Хүлээж авах эсэх нь тэдний нь асуудал. Өөрөөр хэлбэл, хуваагдах хүсэл сонирхол, бодол өвөртлөлгүй асуудлыг шийдэх алхам хийсэн. Хуваагдал руу явуулах үгүй нь хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлоос хамаарна гэсэн үг.

-Та өнгөрсөн хугацаанд багагүй жагсаал, цуглаан зохион байгууллаа. Энэ хугацаанд иргэний үг хэлэх эрх чөлөө, ардчилсан тогтолцоо гажуудсан юм шиг мэдрэгдэв үү?

-Хүний хэвийн явж байсан амьдралын балансыг нь алдагдтал хавчиж, дарангуйлж байна шүү дээ. Хамгийн аюултай нь манай иргэд эрх чөлөөний орон зайг нь багасгасан ч дасан зохицоод амьдраад байх юм. Аажим аажмаар бага багаар л хумиад байна. Мэлхийг хүйтэн усанд хийгээд аажмаар халаахаар үсэрч гардаггүй, харин халуун усанд хийхээр үсрээд гараад явчихдаг шиг бага багаар эрх чөлөөг хумиад байхад манай иргэд дасан зохицоод амьдраад байх шиг санагддаг. Би бол дасан зохидоггүй төрлийн хүн юм билээ.

Надад бол их хурц мэдрэгдсэн. Би ямар жагсаж цуглахын дон тусчихсан байгаа биш тэсэхээ байгаад талбай дээр гарч ирсэн. Гэхдээ ийм байдалд орно ч гэж бодоогүй. Талбай дээр очиж үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлчихээд л гэртээ харьчих юм бодсон. Гэтэл цагдаа нар авч яваад асуудлыг хүндрүүлсээр өнөөдөр ийм байдалд хүрчихэж байгаа юм.

-Олон нийтийн эрх ашгийн төлөө дуугарч байгаа, жагсаал цуглаан зохион байгуулж буй хүмүүс хэсэг хугацааны дараа ямар нэгэн албан тушаалд хүрчихээд анхны зорилгоо умартчихдаг жишиг манай улсад тогтчихсон гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс ч “иргэдийн төлөө” гэсэн лоозонтой тэмцэж, дуугарч байгаа бүхэнд нийтээрээ итгэх итгэл нь алдарчихлаа шүү дээ. Энэ хэнээс юу авчихав, ямар эрх ашгийн төлөө дуугараад байна, ард нь хэн байна гэж харддаг болчихсон. Тиймээс танаас шуудхан асуухад таны ард хэн нэгэн бий юү, танд ямар нэгэн эрх ашиг байгаа юу?

-Миний ард миний эхнэр хүүхэд, ээж аав л бий. Бас миний хувийн эрх, эрх чөлөө, хувийн ашиг байна. Иргэд хувиа хичээх үзлийг юу гэж ойлгодог вэ гэдгээс их зүйл хамаарна. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн зүйр үг бий. Энэ бол хувиа хичээх үзлийн философи шүү дээ. Та өөрөө сайхан баймаар байвал бусдыг сайхан байлга тэгж байж та сайхан болно. Та бусдын асуудлыг үл анзаарч бусдын сайн сайхны төлөө хуруугаа хөдөлгөхгүй бол таны сайн сайхны төлөө хэн ч хуруугаа хөдөлгөхгүй. Тиймээс би сайхан байхын тулд би заавал оролцох ёстой байгаа биз.

Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг зүйр үгний философийг Айн Рэнд сүүлд гаргаж ирсэн. Тэр өөрийгөө бодох нь ариун үйлс юм гэж хэлсэн. Өөрийнхөө төлөө яв. Тиймээс би өөрийнхөө эрх чөлөөний том орон зай дотор амьдармаар байгаа юм. Тэр орон зай дотроо алдсан ч оносон ч тэр миний асуудал. Хэрэвзээ Монгол Улсын 1 сая 566 мянган км2 газар нутагт үйлчилж байгаа хууль дүрэм нь Д.Монголхүүгийн эрх чөлөөг хамгаалж байвал таныхыг хамгаалахгүй гэсэн үг биш биз дээ. Хууль тухайн газар нутагт тэгш үйлчилнэ. Тиймээс бүгдийнх нь эрх ашиг хамгаалагдаж байна гэсэн үг.

-Жишээлбэл, шударга таван гишүүн иргэдийн төлөө талбай дээр жагсаж байсан. Гэтэл бүгдээрээ өндөр албан тушаалд очсон. Энэ зүйл тань дээр давтагдахгүй гэж ойлгож болох уу?

-Шударга таван гишүүн ард түмний дэмжлэг, итгэлийг авч “ажлын багаж” дээрээ очсон. Хэлж ярьж байсан юмаа хэрэгжүүлэх эрхээ ч авсан. Харин түүнийгээ хэрэгжүүлсэн үү гэдэгт л дүгнэлт хийх хэрэгтэй. Иргэн хүн буюу нөхөр Д.Монголхүү эндээс орилоод асуудал шийдэгдэх үү гэвэл үгүй. Учир нь асуудал шийдэх хүмүүс нь өөр. Ажлын багаж нь ч өөр. Би мод цавчих боллоо гэхэд мод цавчмаар байна гээд сүхгүй мянга орилоод нэмэргүй. Сүх хэрэглэх эрхтэй хүмүүс нь чи модоо цавччихаад надаа өг л гэж байгаа юм. Тэгэхээр мод цавчих сүхийг эзэмших эрхтэй болох ёстой байхгүй юу.

Ард түмний дэмжлэг гэдэг бол маш том капитал. Энэ капиталыг бодит болгох хуулиар олгогдсон эрх мэдэл нь хаана байна. Ж.Батзандан аа, Л.Оюун-Эрдэнэ ээ чи хийгээдэх гээд эрх мэдлийг нь өгчихлөө. Одоо бол ажлын үр дүнгийнх нь талаар л ярина. 30 жил улс төрд явсан ах, эгч нарыг харж байхад хамгийн гол нь тэр том капиталыг авчихаад түүнийгээ үнэлдэггүй. Тэрийгээ хайрладаггүй, хамгаалдаггүй. Өөрийнхөө хувийн эрх ашгийнхаа зэвсэг болгоод ашиглачихдаг. Манай нэг мундаг улстөрч “Улс төрийг чи жинхэнэ утгаар нь сонирхвол хамгийн гоё салбар.

Хувьдаа ашиглах гэж оролдвол унах нүхээ өөрөө бэлдэж байна гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарыг ард түмэн дэмжихээ больчихсон байгаа биз дээ. Учир нь хувьдаа ашиглаад байгаа юм. Хувьдаа ашиглаж болно. Гэхдээ зөвхөн иргэн хүн хувьдаа ашиглаж болно. Төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн өндөр албан тушаалтан хувьдаа ашиглаж болдоггүй.

Манайхан нийтийн эрх ашиг гэж яриад байдаг. Тэр бол их муухай ойлголт. Коммунистуудын гаргаж ирсэн заль. Нийтийн эрх ашиг гэдэг бол нэг өрөөнд сууж байгаа долоон хүний зургаа нь сайхан амьдрахын тулд нэгийгээ золиосонд гаргахыг хэлж байгаа юм. Нийтлэг эрх ашиг гэдэг нь тэр долоон хүн нийтлэг нэг асуудалтай. Жишээлбэл, ам нь цангалаа гэхэд хуруудаж байгаад ч гэдэг юм уу нэг нь бүгдийнх нь эрх ашгийн төлөө явж байна шүү дээ.

-Тэгэхээр таны хэрэглэгдэхүүн юу вэ. МоАХ юм уу?

-МоАХ бол дан ганц Д.Монголхүүгийн хэрэглэгдэхүүн биш. Эрх чөлөөг хүсдэг бүх иргэдийн зэвсэг байх ёстой. ХЭҮК гээд УИХ-аас төсөв батлуулж аваад ажилладаг газар бий. Уг нь тэр газар байх шаардлагагүй байсан юм. ХЭҮК-ын ориг хувилбар нь МоАХ. Учир нь үүссэн хэрэгцээ шаардлага, түүх нь тийм. 1990 оноос өмнө Монгол Улс том орон зайтай шорон болчихсон байсан. Тэр шоронгийн ханыг цөм цохиж гарч ирээд олон намын тогтолцоо, олон ургалч үзлийг гаргаж ирээд хүний эрхийг дээдэлж, эрхийг нь зөрчихгүй гэсэн тунхаг гаргаж түүнийгээ хамгаалж зогссон. Монгол өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал ямар байна гэхээр АН цус алдаад хэвтчихсэн. МАН-ыг сөрж зогсох хүчингүй болчихсон. Тиймээс тэд иргэдийгээ үсдэж аваад нүүрээр нь цемент арчиж байна шүү дээ. АН байхгүй бол хүний эрхийг хэн хамгаалах юм бэ. Д.Монголхүү ганцаараа гараад чадахгүй. Чадахгүй гэдгээ ч өнгөрсөн хагас жилийн хугацаанд хангалттай мэдэрлээ. Би ардчилсан улсын иргэн гээд итгэлтэй гарсан, гэтэл би коммунизмд амьдарч байж. Гариг андуурч яваагаа ойлгож байна. Өнөөдөр эрх чөлөөний байгууллага гэвэл МоАХ байна. Эрх нь зөрчигдсөн Монгол Улсын иргэн бүр МоАХ руу жим татах ёстой. МоАХ руу явсан жимний өвс нь халцрах ёстой. ХЭҮК руу очиж хошуугаа унжуулдаг бус МоАХ руу очиж хамгаалалтад ордог байх ёстой.

Exit mobile version