CRI Монгол радио
“Хүний нутагт хагас жаргахаар өөрийн нутагт бүтэн жарга”
Ү Юньбө нь ӨМӨЗО-ны Түнляо хотын Зарууд хошуунаас сонгогдсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгч юм. “Хоёр чуулган”-д тэрээр тав дахь жилдээ оролцож, орон нутгаа хөгжүүлж буй талаар ийн ярилаа.
2019 оны “Хоёр чуулган”-ы үеэр ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцохдоо Ши Жиньпин даргатай анх мэнд ус мэдэж байлаа. Би “Малчин-Айл” хоршооллоо танилцуулсны дараа тэрээр: “Малчин-Айл” гэж ямар утгатай үг вэ? гэж асуухад би утгыг нь хятад хэлээр тайлбарлаж, эрчимжсэн фермийн үхрийн мах нийлүүлж байна гэхэд “ямар үүлдрийн үхэр вэ?” гэж дахин асуухад “Хорчин нутгийн үхэр” гэж хариулж билээ.
Ерөнхий нарийн бичгийн даргад нутаг орныхоо өөрчлөлт хөгжлийг танилцуулж, гацаа тосгонд маань зочлохыг урьсан юм. Бид морио унаж, хадгаа дэлгэн холын гийчнээ угтаж авдаг сайхан ёс заншилтай ард түмэн. Одоо амьдрал сайжирч байна, дарга хэрэв манай нутагт очвол манай малчид суудлын машинаараа онгоцны буудлаас тосоход бэлэн гэсэн.
Өнгөрсөн он жилүүдэд хөдөө орон нутгийн амьдрал дэвжиж, айл өрх болгон суудлын машинтай болсон. Би нутгийн зон олныхоо амьдралд байнга анхаарлаа хандуулдаг. 2014 онд манай гацаанд ядуу амьдралтай 77 өрх, зэргэлдээ гацаанд ядуу амьдралтай 55 өрх байсан бол 2017 он гэхэд эдгээр айл өрхүүд бүгд ядуурлаас бүрэн ангижирсан юм. Тав зургаан жилийн өмнө гацааны хүн тутмын жилийн дундаж орлого тав, зургаан мянган юань байсан бол одоо 20 гаруй мянган юань болсон. 2014 оноос өмнө гацааны иргэдийн 70% нь шавар байшинд амьдардаг байсан бол одоо үхрийн саравч хашаа нь хүртэл тоосгоор баригдсан. 2014 онд манай гацаа 300 хүрэхгүй тооны үхэртэй байсан бол одоо 5200 үхэр, 10 мянган хоньтой болсон юм.
Нутаг орон маань жил ирэх тусам хөгжиж, залуучууд нутаг усандаа эргэн ирж ажил үйлс босгож байна. Манай гацааны удирдах зөвлөлийн 60 хувийн гишүүд бүгд их дээд сургууль төгссөн бөгөөд үхэр үржүүлэх хоршоололд оюутнууд ажиллаж байна. Хөдөө орон нутаг залуучуудад хот суурингаас дутахааргүй өргөн боломж олгож байгаа болохоор мэдлэг боловсролтой залуучууд нутаг буцаж үйлс босгон, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байна. Ямартай ч “хүний нутагт хагас жаргахаар өөрийн нутагт бүтэн жарга” гэдэг биз дээ.