Дэлхий
Хятад улсаас ОХУ зэр зэвсгийн тусламж хүссэн тухай хэвлэлүүд мэдээлжээ
Ням гарагт Financial Times зэрэг хэд хэдэн хэвлэл ОХУ-ын эрх баригчид Хятадаас зэр зэвсгийн болон санхүү, эдийн засгийн тусламж хүссэн байж болзошгүй тухай АНУ-ын албаны эх сурвалжаас авсан мэдээллийг цацсан юм.
Энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа Хятад улсын Вашингтонд суугаа элчин сайд Лю Пэнью өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Украины нөхцөл байдал маш их түгшүүртэй байгааг онцолсон элчин сайд “сөргөлдөөнийг өргөжүүлэхгүй, хяналтаас гаргахгүй байх нь Хятадын засгийн газрын нэн тэргүүний зорилт” болоод байгааг энэ үеэр хэлсэн байна.
Хятад улс өнөөдрийг хүртэл Украины хямралын асуудалд төвийг сахиж, Оросын эзлэн түрэмгийллийг буруутгахаас зайлсхийж байгаа.
Саяхан АНУ-ын засаг захиргаа эдийн засгийн хоригийг давахад нь ОХУ-д туслахыг оролдвол хатуу хариу арга хэмжээ авахаа Хятадын эрх баригчдад анхааруулсан юм.
Эх сурвалж: BBC