Энтертайнмент

Бөмбөгдөлтийн үеэр төрсөн бяцхан охин Алиса

Нийтэлсэн

21 настай Анна Тымченко айж байв. Тэрээр хэдэн цагийн дараа амаржих байсан ч төрөлх хот нь бөмбөгдүүлж, байр нь чичирхийлж байв. Тэнд ус, цахилгаан, эмч ч байхгүй байв.

Нийслэл Киевээс 30 км-ийн зайд орших Буча хэмээх жижиг хот дайн эхэлснээс хойш тасралтгүй бөмбөгдөлтөд өртжээ.

21 настай Анна нөхөр, ахынхаа хамт байшингийнхаа хонгилд хоргодож байв. Гэтэл цахилгаан тасарч, халаалт нь зогсоход хонгил харанхуйд автан, тэсгим хүйтэн болжээ.

Аннагийн нөхөр Володимир Бучад үлдэх эсвэл зугтахыг оролдох хоёрын хооронд эргэлзэж байв. Эцэст нь тэд машинаар зугтахыг оролдоход Оросын цэргийн машинуудын цуваа явж байгааг сонсоод буцаж эргэхээс өөр аргагүй болжээ.

Тэрээр төрөхдөө хөршүүдээ дуудаж тусламж хүссэн байна. Тэд ирсэн боловч тэдний хэн нь ч хүүхэд төрүүлэх туршлагагүй байв.

“Тиймээс бид орон сууцанд үлдэхээр шийдсэн” гэж Анна ВВС-д ярьжээ. Мөн тэрээр “Би тоос шороотой хонгилд биш гэртээ төрөхийг илүүд үзэж байсан. Амьсгалахад хэцүү, уушги өвдөж байсан” гэжээ.

Тэрээр төрөхдөө хөршүүдээ дуудаж тусламж хүссэн байна. Тэд ирсэн боловч тэдний хэн нь ч хүүхэд төрүүлэх туршлагагүй байв.

Аннагийн 49 настай хөрш Виктория Забродская хэрвээ ямар нэг зүйл буруу болбол юу хийхээ мэдэхгүй санаа зовж байснаа ВВС-д ярьжээ.

Өрөөг лаагаар гэрэлтүүлж, лонхонд хөлдсөн ус амсраасаа дусалж байв.

“Би ийм нөхцөлд төрнө гэж хэзээ ч төсөөлөөгүй. Миний анхны хүүхэд байсан учир би юу ч мэдэхгүй байсан.” гэжээ.

Цөхрөнгөө барсан Аннагийн хөршүүд эмнэлгийн ажилтнуудтай холбогдохыг оролдсон боловч утасны холбоо муу байв. Тэд эцэст нь тагтан дээр гарч бүдэг бадаг сүлжээтэй болсны дараа Буча дахь эмэгтэйчүүдийн эмчтэй холбоо тогтоож чадсан байна. Тэр зөвшөөрсөн боловч ирж чадаагүй аж.

Тухайн орой тэрхүү эмч уучлалт гуйсан зурвас илгээсэн ба Оросын эргүүл утсыг нь эвдэж өөрийг нь явахыг зогсоосон гэж тайлбарлажээ.

Аннагийн хөршүүд хүүхдийг төрүүлэх ёстой болов. Тэдэн дунд зөвхөн Ирина Язова эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн нэгэн.

“Хүүхдийн толгой гарч ирэхэд бид айсан. Тэр төрөхдөө хөхөрсөн байсан бөгөөд бид юу хийхээ мэдэхгүй байв. Дараа нь Ирина хүүхдийн толгойг зөөлөн эргүүлж, татан гаргасан. Тэр эхэндээ уйлаагүй учир бид түүнийг алгадаж эхэлсэн, дараа нь тэр уйлахад нь бид бүгд баярласан” гэжээ.

Нөхөр Володимир 3-р сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр төрсөн охин Алисагаа хараад нулимс унагажээ.

Хоёр хоногийн дараа Буча хот Украины засгийн газар болон Оросын батлан хамгаалах яамны тохиролцсон нүүлгэн шилжүүлэх зурвасын нэг болсныг зарлав.

“Бид явах эсэхээ шөнөжин ярилцаж өнгөрөөсөн” гэж Анна хэлэв. Тэгээд нөхөртэйгөө хамт дөнгөж төрсөн хүүхдээ аваад явахаар шийджээ. Тэд хүмүүстэй холбоо барьж, зам аюулгүй эсэхийг асууж, утсандаа газрын зураг татан авчээ.

Маргааш нь 21 машин Киевийг чиглэн хотоос хөдөлжээ. “Бид замдаа аймшигтай дүр зураг харсан. Би ийм зүйлийг бодит амьдрал дээр л харна гэж хэзээ ч бодож байгаагүй, зөвхөн киноноос л харж байлаа. Зам дээр цогцсууд олноороо байв. Байшингууд эвдэрч сүйдсэн харагдсан. Оросын танкууд зам руу бууны хошуугаа чиглүүлж зогссон байсан. Бид маш их айж байсан.” хэмээн Анна ярьжээ.

Хэдэн цагийн дараа нүүлгэн шилжүүлсэн хүмүүс Оросын бүх шалган нэвтрүүлэх цэгийг аюулгүйгээр давж Киевт хүрч, тэндээс өөр өөрсдийн замаар явав.

Анна эцэг эхээ шинэ ач охинтой нь танилцуулахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ. Гэвч түүний олон хамаатан садан нь эх орноо орхин явсан ч тэр болон нөхөр нь гарч чадахгүй байгаа бөгөөд Анна өөрийгөө бүрэн аюулгүй гэж мэдрэхгүй байгаа гэв.

Exit mobile version